АНУ-ын "Хятадын цэргийн заналхийлэл" гэх хөөргөдөл хэрээс хэтэрчээ
2024-09-26 18:57:15
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбелл саяхан Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны хурлын үеэр Хятад улсыг АНУ-ын түүхэнд тохиож буй хамгийн том сорилт хэмээн онцолж, "Хятадын заналхийлэл" хүйтэн дайны үеэс ч давсан гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын стратегийн зөвлөлөөс гаргасан "2022 оны батлан хамгаалах стратегийн тойм тайлан"-д АНУ батлан хамгаалахын стратеги хуучирсан, цэргийн бүтэц үндэслэлгүй, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй зэрэг олон асуудлуудтай нүүр тулж, Хятад, Оросын давхар аюулыг даван туулахад бэлэн биш болсон хэмээн дүгнэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч хурандаа Жан Шяоган хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Америк Хятадыг өрсөлдөөнт өнцгөөс харж,  "Хятадын цэргийн заналхийлэл" гэх хий хоосон сүр дуулиан хэрээс хэтэрч, үндэслэлгүй хөөргөдөл нь аль хэдийнээ "эмчилгээ авахгүй" хэмжээнд хүрсэн байна. Үнэндээ энэ нь АНУ өөрийн цэргийн хүчээ нэмэгдүүлэх шалтаг хайж буй оролдлого юм. АНУ-ын хүйтэн дайны үеийн сэтгэлгээг баримталсан, мөргөлдөөн өдөөгч үг, үйлдлийг үргэлж Хятад улс эрс эсэргүүцсээр ирсэн гэв.

Жан Шяоган цааш нь Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээгч, олон улсын дэг журмыг сахин хамгаалагч бөгөөд үндэсний батлан хамгаалах бодлого нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай болохыг тодотгов. Тэрээр хэлэхдээ, Хятад улс өөрийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд тууштай зүтгэж ирсэн. Харин АНУ бол дэлхийн энх тайванд хамгийн том сорилт учруулж буй улс бөгөөд олон дайн, мөргөлдөөний эх сурвалж болж байдаг. "Хятадын хөзөр" тоглох нь АНУ-ын дотоод асуудлыг шийдэх арга зам биш. Хятадын талаар зөв ойлголттой болж, Хятадын цэргийн хөгжил болон стратегийн зорилгыг бодитой, шударгаар үнэлж, хоёр орны болон хоёр армийн харилцааг сайжруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг АНУ-д шаардаж байна гэжээ.