Америкийн ерөнхийлөгч Украины ерөнхийлөгчтэй уулзаж ярилцжээ
2024-09-27 10:26:55
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, орон нутгийн цагаар 9-р сарын 26-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд уулзсан байна. Хоёр тал АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэг зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Уулзалтын үеэр Жо Байден АНУ-аас Украинд үзүүлэх аюулгүй байдлын тусламжаа нэмэгдүүлэх шийдвэрээ илэрхийлж, Украинд ялахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр шийдсэн гэдгээ мэдэгдэв. Зеленский байлдааны талбарт ялах төлөвлөгөөг дурдсан байна.

Хоёр тал мөн Зеленскийн дипломат, эдийн засаг, цэргийн төлөвлөгөөний талаар ярилцаж, дараагийн арга хэмжээний талаар эрчимтэй зөвлөлдөхийг тус тусын багуудад үүрэг болгожээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Жо Байден 2024 оны 10-р сарын 12-нд Германд болох "Украины батлан хамгаалахын холбоо барих хэсэг"-ийн удирдагчдын түвшний хурлыг даргалах болно. Тэр үед Жо Байден, Зеленский нар эдгээр зөвлөлдөх уулзалтын явцтай танилцаж, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг олон улсын түншүүдтэй зохицуулах болно гэжээ.

Зеленскийтэй уулзахаасаа өмнө Жо Байден ирэх оны 1-р сард ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө Украинд туслах санхүүжилтээ эрчимжүүлнэ гэж хэлж байсан юм. Жо Байден мөн АНУ Украины ирээдүйн батлан хамгаалах хэрэгцээг хангахад тусална гэж мэдэгджээ.