Хятад улс анхны давтан ашиглах боломжтой хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
2024-09-27 21:12:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Сансрын үндэсний агентлагаас мэдээлснээр, 9-р сарын 27-ны 18:30 цагт Хятад улс Жюүчуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс “Чанжэн-2Д” зөөгч пуужинг ашиглан анхны олон удаа ашиглах боломжтой эргэж буух хиймэл дагуул болох "Практик-19"-ийг амжилттай хөөргөж, товлосон тойрог замд нь оруулжээ.

"Практик-19" хиймэл дагуул нь Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй шинэ технологийн туршилтын чухал хиймэл дагуул бөгөөд олон удаа ашиглах боломж, өндөр бичил таталцлын орчинд үйл ажиллагаа явуулах, их хэмжээний ачаалал даах чадвар болон дахин нэвтрэх орчны туршилт зэрэгт олон технологийн дэвшлийг авчирсан байна. Энэхүү хиймэл дагуул нь Хятад улсын эргэж буух хиймэл дагуулын технологийн түвшин, ашиглалтын үр ашгийг ихээхэн дээшлүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулахад туслах бөгөөд шинэ технологийн баталгаажуулалт, судалгаа, туршилтын үр дүнг түргэн хугацаанд хэрэгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлэх юм. 

"Практик-19" хиймэл дагуул нь сансрын орчинд ургамлын шинэ сорт гаргах туршилтуудыг хийх бөгөөд Хайнань, Аньхүй мужууд болон Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сонгосон ургамлын үрийг авч яваа аж. Сансрын орчин дахь үржүүлэг нь мутацийн өндөр үр ашиг, шаардах хугацаа нь богино болон ашигтай өөрчлөлт гаргах чадвараараа давуу талтай бөгөөд энэ нь Хятад улсын үрийн аж үйлдвэрийн технологийн хөгжлийг хурдасгаж, эх орондоо бүрэн хяналттай үрийн эх үүсвэрийг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

"Практик-19" хиймэл дагуулын олон удаа ашиглах боломжийг бүрэн дүүрэн ашиглан, сансарт хэрэглэх дотоодын электрон эд анги, түүхий эдийг туршиж, баталгаажуулах боломжийг олгох бөгөөд шинэ сансрын технологийн хөгжил, ашиглалтыг дэмжих, мөн бичил таталцлын шинжлэх ухаан болон сансрын амьдралын шинжлэх ухааны судалгааг урагшлуулах болно. Түүнчлэн, уг хиймэл дагуул нь Тайланд, Пакистан зэрэг таван орны судалгааны хэрэгслүүдийг тээж, өргөн цар хүрээтэй олон улсын хамтын ажиллагааг явуулахад хувь нэмэр оруулах аж. 

Хятадын Сансрын үндэсний агентлаг нь "Практик-19" хиймэл дагуулын төслийн удирдлага, чухал асуудлуудын зохицуулалт, хөөргөх зөвшөөрлийн батламжийг хариуцсан бол тус агентлагийн газар дээрх ажиглалт болон мэдээллийн төв нь төслийн ерөнхий зохион байгуулалтыг хариуцжээ. Хиймэл дагуулыг Хятадын сансар судлалын корпорацын Сансрын технологийн хүрээлэн бүтээсэн бол “Чанжэн-2Д” зөөгч пуужинг Шанхайн Сансрын технологийн хүрээлэн зохион бүтээсэн байна. 

Энэхүү хөөргөлт нь Чанжэн загварын зөөгч пуужингийн 537 дахь удаагийн хөөргөлт юм.