9-р сарын 27-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Сэтгүүлч түүнээс Хятад, Бразил болон бусад "Дэлхийн өмнөд"-ийн орнууд "Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх найз нөхдийн бүлэг"-ийг байгуулах гэж байгаа тухай тодруулан асуув.
Линь Жянь хариулахдаа, одоогийн байдлаар Украины хямрал удаашран үргэлжилж, өргөжих эрсдэл нэмэгдэж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийг ихээхэн түгшээж байна. Урьд нь Хятад, Бразил хоёр улс хамтран Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар зургаан зүйл бүхий санал гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авсан юм. Сүүлийн үед энхийг дэмжиж, хэлэлцээ хийхийг уриалсан дуу хоолой улам ихсэж, "Дэлхийн өмнөд"-ийн орнууд үүнд нэгдэн, энх тайвныг тогтоох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Хятад, Бразил болон бусад ижил үзэл санаатай "Дэлхийн өмнөд"-ийн орнууд хамтран "Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх найз нөхдийн бүлэг"-ийг байгуулах гэж байна. Энэ нь энх тайвныг эрэлхийлэхэд чиглэсэн хамтын чармайлт юм. "Энхийн найз нөхөд" нь хаалттай бүлэг биш, харин нээлттэй платформ юм. Энэхүү бүлэг энх тайвны төлөөх үйлсийн хүрээнд үүсэн байгуулагдах тул олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээх ёстой. "Энхийн найз нөхдийн бүлэг" нь бодитой, ухаалаг дуу хоолойг түгээх зорилготой бөгөөд Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэжээ.