Есдүгээр сарын 27 буюу БНХАУ-ын байгуулагдсан 75 жилийн ойн өмнөхөн, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан тэргүүний хамт олон, хувь хүнд өргөмжлөл гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр үндэстний асуудлыг шийдвэрлэх Хятадын онцлог бүхий арга замыг тайлбарлаж, Хятадын үндэстнүүдийн цогц нэгдлийн үзэл ойлголтын төлөвшил, хөгжлийн зам мөрийг тодорхойлж, Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулах, бүх үндэстний хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар бодит зохицуулалт хийжээ.
"Тавин зургаан үндэстэн нэгдэж, Хятадын үндэстний цогц нэгдлийг бүрдүүлдэг" "Хятадын үндэстнүүдийн том гэр бүлд бүгдээрээ таатай амьдрах ёстой" гэж Ши Жиньпин олон ч удаа цохон тэмдэглэж байсан юм.
Энэхүү "том гэр бүл" дэх үндэстний цөөнхийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулах зорилгоор Хятад улс оновчтой чиглүүлж туслах, цөөн хүн амтай үндэстний хөгжлийг дэмжих, үндэстний цөөнхийн онцлог бүхий тосгон сууринг хамгаалах, хөгжүүлэх зэрэг олон бодлого, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлжээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орон, Төвөдийн Өөртөө Засах Орон, Ниншягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Орон, Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орон зэрэг таван өөртөө засах орон болон Гүйжөү, Юньнань, Хөхнуур зэрэг олон үндэстний гурван мужийн эдийн засгийн нийт өсөлт олон жил дараалан улсын дундаж өсөлтийн хурдаас давж, мөн оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөний орлого ихээхэн нэмэгдсэн юм.
1988 оноос өнөөг хүртэл үндэстний ажлын холбогдох салбарт гарамгай хувь нэмэр оруулсан үлгэр жишиг хамт олон, хувь хүнийг алдаршуулах зорилгоор Хятадын Төрийн зөвлөл 5 жил тутамд Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн их хурлыг зохион байгуулдаг.
Саяхан болсон шагнан урамшуулах хурал дээр Ши Жиньпин Хятад маягийн шинэчлэлийг ахиулж, үндэстний цөөнхийн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэх талаар тодорхой зохицуулалт хийсэн байна.
Үндэстний цөөнхийн бүс нутгийн чанартай хөгжлийг түргэтгэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулж, хөгжлийн явцад ард түмний амьжиргааг баталгаажуулан, бүх үндэстний ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүллийг бодит зүйл болгохын тулд хичээн ажиллах ёстой.
Үндэстнүүд хоорондын солилцоо, нэгдлийг идэвхтэй хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, улсын нөөцийн хуваарилалтыг нэгдэлтэй хийж хэрэгжүүлнэ. Хил орчмын бүс нутаг болон үндэстний цөөнхийн бүс нутагт зам тээвэр, бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хүн төвтэй шинэ хотжилтыг идэвхтэй ахиулж, үндэстний хүн амын шилжилт хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгохыг тэрээр онцолжээ.
Ши Жиньпин мөн үндэстний үйл хэргийг хуулийн дагуу зохицуулж, удирдлагын чадвар, түвшинг тасралтгүй дээшлүүлж, үндэстний цөөнхийн бүс нутгийн өөртөө засах тогтолцоог боловсронгуй болгож, холбогдох хууль тогтоомж, бүс нутгийг дэмжих ялгаатай бодлогыг үе шаттайгаар төгөлдөржүүлэн, бүх үндэстний ард түмний хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу баталгаажуулахыг онцлон тэмдэглэв.