Есдүгээр сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Израиль Ливан дахь хуурай замын цэргийн ажиллагаагаа зогсоож, гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Байден мөн өдөр Цагаан ордонд Хелен хар салхины улмаас учруулсан гамшгийн талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, дараа нь Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх үгийг хэлсэн юм. Тэрээр удахгүй Ливанд "хязгаарлагдмал хуурай замын ажиллагаа" эхлүүлэх Израилийн төлөвлөгөөг мэдэж буй бөгөөд "Тэд ажиллагаагаа зогсооно гэдэгт найдаж байна, одоо гал зогсоох цаг болсон" гэж хэлэв.
Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мөн өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Израилийн талтай Ливаны эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа явуулж болзошгүй талаар санал бодлоо солилцсон. Израилийн тал хуурай замын ажиллагаа нь Ливан Израилийн хил дээрх Ливаны Хезболла бүлэглэлийн дэд бүтцэд цохилт өгөхөөр хязгаарлагдана гэж АНУ-д мэдэгдсэн гэжээ.