Саяхан Худалдааны яамнаас сэтгүүлчийн мэдээлснээр, 2023 оны эцсийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хилийн чанадын 17 мянган компани байгуулж, шууд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 330 тэрбум ам.доллараас давсан байна.
2023 онд Хятадын аж ахуйн нэгжүүдийн "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 40.71 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 31.5 хувиар өссөн байна. Хятадын аж ахуйн нэгжүүдын шууд хөрөнгө оруулалт нь ихэвчлэн аж үйлдвэр, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт төвлөрчээ. Түүнчлэн "Бүс ба Зам"-ын орнуудтай хилийн чанадад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсийг байгуулж, 2023 оны эцэс гэхэд нийт 73 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь тухайн орон нутагт 530 мянган ажлын байр бий болгожээ.
Гэрээгээр байгуулж буй төслийн хувьд, 2023 онд Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба Зам"-ын орнуудтай 227.16 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ тохиролцсон нь өнгөрсөн оны мөн үеийн нийт хэмжээний 85.9 хувийг эзэлсэн бол 132.05 тэрбум ам.долларын төслийг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 82.1 хувийг эзэлж байна. Эдгээрийн доторх 70 хувь нь дэд бүтцийн төсөл байж, тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй дэмжиж, иргэдийн амьжиргааг дээшлүүлж чадсан байна.