НҮБ-ын Аюулгүйн зөвлөл аравдугаар сарын 2-ны өдөр Ойрхи Дорнодын асуудлаар яаралтай хурал хийлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, Ливаны нөхцөл байдал түгшүүртэй байгаа бөгөөд бүх талын дайн дэгдэхээс зайлсхийх зайлшгүй шаардлагатай, эс тэгвээс асар их, сүйрлийн үр дагаварт хүргэж мэднэ гэжээ.
Гутерриш хэлэхдээ, өнгөрсөн оны 10-р сараас хойш Ливан-Израилийн хилийн "Цэнхэр шугам"-ын бүсийн тулалдааны цар хүрээ, эрч хүч өргөжиж эхэлсэн. Долоо хоногийн өмнө Аюулгүйн зөвлөлд мэдээлэл хийснээс хойш Ливаны нөхцөл байдал улам дордож байна. Ливаны Хезболла бүлэглэл болон бусад төрийн бус зэвсэгт бүлэглэлүүд Израилийн батлан хамгаалахын хүчинтэй бараг өдөр бүр гал золгож, Аюулгүйн зөвлөлийн 1701 дугаар тоот тогтоолыг удаа дараа зөрчиж байна.
Өнгөрсөн оны 10-р сараас хойш Ливан-Израилийн мөргөлдөөний улмаас Ливанд 1700 гаруй хүн амиа алдаж, 346 мянга гаруй хүн дүрвэж, 128 мянга орчим хүн Сири рүү орогножээ. Хезболла бүлэглэлийн Израилийн эсрэг дайралтын улмаас 49 хүний аминд хүрч, 60 мянга гаруй хүн дүрвээд байна гэж Гутерриш хэлжээ.