БНХАУ, БНАСАУ-ын дээд удирдагчид харилцан баярын цахилгаан илгээжээ
2024-10-06 15:06:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээлснээр, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар 10-р сарын 6-нд харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд баяр хүргэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, 75 жилийн өмнө БНХАУ, БНАСАУ албан ёсоор дипломат харилцаа тогтоож, хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээсэн юм. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд хоёр улс ардын засаглалыг бататгах, үндэсний бүрэн эрхт байдлаа хамгаалах тэмцэлд бие биенээ дэмжиж, солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлж, социалист бүтээн байгуулалтыг ахиулах замаар хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахын төлөө нягт хамтран ажиллаж ирсэн. БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдал нь цаг үе, олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт сорилтыг даван туулж, хоёр орон, хоёр ард түмний хамтын үнэт баялаг болсон юм гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Унтай олон удаа уулзаж, нягт харилцаа тогтоож, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг гүнзгийрүүлэхийг хамтаар удирдсан. Шинэ эрин, шинэ нөхцөл байдалд БНАСАУ-тай хамтран ажиллаж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн боломжийг ашиглан, стратегийн харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, найрсаг солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд БНХАУ бэлэн байна гэжээ.

Ким Жон Ун хэлэхдээ, 75 жилийн өмнө БНАСАУ болон БНХАУ албан ёсоор дипломат харилцаа тогтоож, хоёр орны найрамдал хөгжлийн шинэ түүхэн үе шатанд орсон юм. 75 жилийн турш хоёр нам, хоёр улс янз бүрийн сорилтыг даван туулж, социализмын замаар зоригтойгоор урагшилсаар ирсэн. БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг өвлөн уламжлан хөгжүүлэх нь хоёр орны язгуур эрх ашигт нийцнэ. БНАСАУ-ын нам, засгийн газар шинэ эрин үеийн шаардлагын дагуу хоёр орны найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар байх болно. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр гол болгосон Хятадын Коммунист намын удирдлага дор БНХАУ-ын ард түмэн орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулах аян замдаа шинэ амжилтад хүрэхийг хүсэн ерөөж байна гэжээ.