Израилийн арми Газын зурвас болон Ливан дахь бөмбөгдөлтөө үргэлжлүүлж байна
2024-10-07 15:32:00
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Израилийн арми 6-ны өдөр Газын зурвас болон Ливан дахь Хезболлах бүлэглэлийн объектуудыг бөмбөгдөж, их хэмжээний хохирол учрууллаа. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати 6-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, гал зогсоохоор Израильд шахалт үзүүлэхийг уриалав.

Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөний ХАМАС-ын хэвлэл мэдээллийн алба 6-ны өдөр мэдээлэл нийтэлж, Израилийн армийн Газын зурвасын төв хэсэгт байрлах лалын сүм болон нэг сургуулийг бөмбөгдсөний улмаас 24 хүн амиа алдаж, 93 хүн шархадсан гэж мэдэгдэв. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, эдгээр газарт олон зуун дүрвэгсэд орогнож байжээ. Сүүлийн 48 цагийн дотор Израилийн армийн цэргийн ажиллагаа Газын зурвас дахь 27 байшин, сургууль, нүүлгэн шилжүүлэлтийн төвийг бөмбөгдөсөн гэжээ.

Израилийн батлан хамгаалах армийн 6-ны өдөр хийсэн мэдэгдэлд, Израилийн нисэх хүчин Газын зурвасын төв Дейр эль-Байра хотын лалын сүм болон нэг сургуульд байрлаж байсан ХАМАС-ын командлалын төвд "нарийвчилсан цохилт" өгсөн гэжээ.

Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газраас 6-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны 10-р сарын эхээр Палестин-Израилийн мөргөлдөөн гарснаас хойш, Израилийн Газын зурвас дахь цэргийн ажиллагааны улмаас 42,000 шахам палестин хүн амиа алдаж, 97,000 гаруй хүн шархадсан байна.