Орон нутгийн цагаар 10-р сарын 10-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Вьентьян хотноо болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтуудын үеэр Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрүтэй уулзав.
Ли Чян хэлэхдээ, Японы тал Хятад, Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичгийн зарчим, зөвшилцлийг чин үнэнчээр мөрдөж, Хятадтай хамтран урагшлах замыг сонгон, хоёр талын харилцааг зөв чиглэлд байлгаж, улс төрийн үндэс суурийг бататган, зөвшилцөл, хамтын ажиллагаагаа тасралтгүй сайжруулан, стратегийн харилцан ашигтай харилцааг бүрэн дүүрэн хөгжүүлж, шинэ эрин үед нийцсэн Хятад-Японы бүтээлч, тогтвортой харилцааг бий болгохын төлөө чармайх ёстой гэжээ.
Мөн Ли Чян Хятадын тал Японы талтай хамтран шинжлэх ухаан, технологийн инновац, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг нээх, экспортын хяналтын механизмыг үр дүнтэй ашиглан үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдал болон дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалахыг хүсэж байгаагаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа урагшлуулахыг хүсэж байна гэв.
Ишиба Шигэрү хэлэхдээ, Япон тал ирээдүйг харж, Хятадтай дээд түвшний харилцааг бэхжүүлэн, бүх түвшинд харилцаа холбоогоо идэвхтэй байлгаж, шийдвэрлэгдээгүй асуудлуудыг зөвшилцлөөр шийдэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулж, Хятад-Японы харилцааг тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Япон тал Хятадаас “салж, харилцаагаа таслах” хүсэхгүй бөгөөд хоёр орны ард түмэнд илүү үр өгөөжтэй бодит хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Тайваний асуудлаар Япон тал “Хятад, Японы хамтарсан мэдэгдэл”-ээр тодорхойлсон байр сууриа өөрчлөхгүй. Япон тал Хятадтай олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаагаа бэхжүүлж, сорилтуудыг хамтдаа даван туулахыг хүсэж байна гэжээ.