Орон нутгийн цагаар 10-р сарын 10-нд, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Вьентьян хотноо болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтад оролцох үеэрээ Тайландын Ерөнхий сайд Паетонгтарн Шинаватратай уулзлаа.
Ли Чян уулзалтын үеэр Хятад улс Тайландын талтай хамтран ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан уламжлалт найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлж, стратегийн түншлэлээ бататган, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын харилцааг улам сайжруулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж авчрахад бэлэн гэдгээ онцоллоо.
Мөн Ли Чян хэлэхдээ, Хятад улс Тайландтай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлж, бодлогын харилцаагаа өргөжүүлэн, Хятад-Тайландын төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, аж үйлдвэрүүдийн хамтын хөгжлийг ахиулах хүсэлтэй байна. Аж үйлдвэрийн парк, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, фотоволтайк зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран сайтар тэмдэглэж, хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлал, боловсрол, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх ёстой. Түүнчлэн Хятад улс Тайландын талтай "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-ийг амжилттай хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг түргэтгэн, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байна гэжээ.
Паетонгтарн Шинаватра хэлэхдээ, ирэх онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулж, Хятад улстай дээд түвшний харилцаагаа бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Тайландын тал бэлэн байгаа гэжээ. Тэрээр хоёр улсын хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, онлайн мөрийтэй тоглоом, цахим залилан зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэхийг зорьж байгаагаа дурдав. Мөн АСЕАН, Лань Цан Жян-Меконг мөрний хамтын ажиллагааны хүрээнд Хятадтай хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийллээ.