10-р сарын 10-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57-р чуулганаар Камерун, Хондурас, Пакистан, Турк зэрэг 30 орныг төлөөлж Хятадын өргөн мэдүүлсэн саадгүй хүртээмжтэй дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж хүн бүрийн хүний эрхийг эдлэхийг дэмжих тухай тогтоолыг санал нэгтэй батлав. Энэ бол НҮБ-аас анх удаа ийм сэдвээр тогтоол баталж байгаа болно.
БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцар дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Чэнь Шюй уг тогтоолын төслийг танилцуулж хэлэхдээ, саадгүй хүртээмжтэй орчин байгуулах нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн илэрхийлэл бөгөөд бүх хүмүүсийн нийгмийн амьдралд тэгш, бүрэн гүйцэд оролцох, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр өгөөжийг хүртэх нөхцөлийг хангах, хүний эрхийг бүрэн дүүрэн хамгаалж баталгаажуулахад чухал үүрэгтэй. Саадгүй хүртээмжтэй дэд бүтцийн бүтээн байгуулалт нь бүх хүмүүст тэгш боломж олгож, хүртээмжтэй хөгжлийг бий болгоход хувь нэмэр оруулах юм гэжээ. Мөн тэрээр бүх талуудыг "хүн бүрд хүртээмжтэй байх" зарчимд хүрч, саадгүй хүртээмжтэй дэд бүтцийн үйлсийг хамтдаа урагшлуулахыг уриалав.
Куба, Доминикан, Бенин зэрэг улс орнуудын төлөөлөгч илтгэл тавьж, уг тогтоол нь саадгүй хүртээмжтэй дэд бүтцийн асуудлаарх ойлголт, анхаарлыг нэмэгдүүлж, энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааг сайжруулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд зэрэг бүлгүүдийн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлж, хүний эрхийг эдлэх баталгааг хангана. Уг тогтоол нь саадгүй хүртээмжтэй байдлын үйлсийн чиглэлийг тусган, олон улсын хүний эрхийн үйлсийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ.
2023 оны 9-р сарын 1-нээс Хятадын "Саадгүй хүртээмжтэй орчин бүтээн байгуулах тухай хууль" албан ёсоор хэрэгжиж эхэлсэн нь Хятад улсын саадгүй хүртээмжтэй байдлын талаарх анхны цогц хууль юм. Энэхүү хууль батлагдсанаар Хятадын үндэстний уламжлалт Ахмадын баярын үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан тогтоол нь холбогдох салбарын удирдамжийг бэхжүүлж, саадгүй хүртээмжтэй дэд бүтцийн олон улсын стандартыг дээшлүүлэн, ахмад настнуудын эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой.