Ши Жиньпин гадаадын зочидтой уулзав
2024-10-11 15:09:54
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-ний өглөө, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадын олон улсын найрамдлын чуулга уулзалт болон Хятадын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, ард түмний найрамдал бол олон улсын харилцааны тогтвортой хөгжлийн үндэс, дэлхийн энх тайван, хөгжлийн найдвартай хөдөлгөгч хүч юм. БНХАУ байгуулагдсанаас хойших 75 жилийн хугацаанд ХКН ард түмнээ нэгтгэн удирдаж, өөрийн хөгжил дэвшил болон дэлхий нийтийн сайн сайхны төлөөх орчин үеийн шинэчлэлийн замыг нээсэн юм. Өнгөрснөө эргэн харахад Хятадын бүхий л ололт амжилт дэлхийн улс орнуудын ард түмний дэмжлэгээс салшгүй юм. Олон улсын анд нөхөд Хятадын ард түмэнтэй хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж, Хятадын социалист хөгжлийн үйл явцад олон улсын компани, байгууллага нэгж, хувь хүмүүс идэвхтэй оролцож, хамтдаа ашиг хүртэхийн зэрэгцээ Хятад улс болон гадаадын найрамдалт харилцаанд чухал хувь нэмэр оруулсан билээ. Энэ их үйлсийн төлөө та бүхний оруулсан хувь нэмэр, чин үнэнч найрамдлыг бид хэзээ ч мартахгүй.

Өнөөгийн дэлхий ертөнц дахин дөрвөн замын уулзвар дээр ирээд байна. Зуун жилд тохиож байгаагүй их өөрчлөлтийн өмнө дэлхий нийт хувь заяагаа холбож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах нь улс орнуудын нийтлэг гарц юм. Хятад улс дэлхийн улс орнуудын найрамдалт ард түмэнтэй хамтран, ард түмний дипломат харилцааг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээхэд бэлэн байна. Хятад улсын төр засаг үргэлжлүүлэн Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийг дэмжиж, ард түмний найрамдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгүүлэх болно. Найрамдлыг гүүр болгож, сэтгэлээрээ холбогдон, Хятад болон дэлхийн ард түмний найрамдлыг улам гүнзгийрүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээгч, Хятадын хөгжлийн оролцогч, соёлын солилцоо болон ард түмний харилцан ойлголцлын дэмжигч байж, найрамдлын үйл хэргийг өвлөн уламжлахад бүх найз нөхөдтэйгөө хамтран ажиллахыг эрмэлзсээр байх болно гэв.

Уулзалтад гадаадын экс төрийн тэргүүнүүд, хааны угсааны гишүүд, олон улсын найрамдлын байгууллагын удирдагчид, найрсаг төлөөлөгчид зэрэг 200 орчим хүн оролцжээ.