Ли Чян Зүүн Азийн дээд хэмжээний 19 дэх уулзалтад оролцов
2024-10-12 09:51:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 11-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Лаосын Вьентьян хотод болсон Зүүн Азийн дээд хэмжээний 19 дэх уулзалтад оролцов.

Ли Чян хэлэхдээ, эдүгээ дэлхий дахин хямрал өөрчлөлтийн шинэ үед орж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч хангалтгүй байна. Энэ жил энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим нийтлэгдсэний 70 жилийн ой тохиож байна. Эмх замбараагүй байдал үүсэж буй дэлхий ертөнцөд "энх тайвнаар зэрэгцэн орших" нь илүү үнэ цэнтэй, эрх тэгш байдлыг баримталж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай байх, тогтвортой байдлыг хамтдаа дэмжих нь Ази тив түргэн хөгжлөө хадгалахад чухал их ач холбогдолтой бөгөөд олон улсын шударга ёсыг хадгалахын тулд таван зарчмаас оюун ухааныг үргэлжлүүлэн олж авах хэрэгтэй. Таван зарчим нь цаг хугацааны явцад улам батлагдаж, орчин үеийн үнэ цэнэ, дэлхийн ач холбогдлыг улам бүр нотлон харуулж байна гэв.

Ли Чян хэлэхдээ, Хятад улс талуудтай хамт энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг цаашид ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, нийтлэг ойлголтыг хуримтлуулан, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Нэгдүгээрт, энх тайван, амар амгаланг тууштай хамгаалах. АСЕАН төвтэй, нээлттэй, хүртээмжтэй бүс нутгийн бүтэц загварыг үргэлжлүүлэн дэмжиж, хамтдаа зөвлөлдөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах бүс нутгийн аюулгүй байдлын засаглалын замаар замнахыг үргэлжлүүлэн дэмжинэ. Хоёрдугаарт, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэхийг баримтлах явдал юм. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, харилцан нөхөх давуу талуудаа бүрэн гүйцэд ашиглаж, бүх нийтийг хамарсан хөгжлийг улам сайжруулах ёстой. Гуравдугаарт, нээлттэй хамтын ажиллагааг тууштай дэмжих. "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-ийг иж бүрэн, чанартай хэрэгжүүлж, Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах эдгээр болно гэв.

Ли Чян хэлэхдээ, бүс нутгийн хөгжил цэцэглэлт нь Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван тогтвортой байдалтай салшгүй холбоотой юм. Хятад улс "Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц" зэрэг олон улсын хуулийг ямагт дагаж мөрдөхийн тулд хүчин зүтгэж, "Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг ямагт журамлаж, тухайн оронтой санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, зөвшилцлийн замаар эв зүйтэй зохицуулахыг баримталж, далай тэнгис дэх ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирсэн юм. Эдүгээ Хятад, АСЕАН-ы орнууд "Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм"-ийн талаар зөвшилцөх ажлыг идэвхтэй ахиулж, эртхэн тохиролцоонд хүрэхийг хичээж байна. Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахын тулд гаргаж буй Хятад улс болон бүс нутгийн орнуудын хүчин чармайлтыг бүс нутгийн гаднах холбогдох улс орнууд хүндэтгэж, дэмжиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд үр дүнтэй бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.