44 болон 45 дахь удаагийн Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалтууд саяхан Лаосын Вьентьян хотод өндөрлөлөө. Уулзалтын үеэр болсон 27 дахь удаагийн Хятад-АСЕАН-ны удирдагчдын уулзалтаар талууд хамтран Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын шинэчлэлийн хэлэлцээр үндсэндээ дууссаныг албан ёсоор зарлав. Энэ нь Зүүн Азийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулах гол арга хэмжээ төдийгүй хоёр талын олон талт үзэл баримтлал болон чөлөөт худалдааг тууштай дэмжиж буй шийдвэрийг тодорхой харуулж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятад-АСЕАН-ны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гурван санал дэвшүүлж, харилцан холбогдсон сүлжээг бий болгох, шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлэхийг уриалав. Энэ нь Хятад улс бүс нутгийн орнуудтай нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийг хүсэж буйг тодорхой харуулсан дохио юм.
Сүүлийн жилүүдэд АСЕАН-ы гадаад хамтын ажиллагааг эргэн харвал, Хятад улс хоорондын хамтын ажиллагааг “галт тэрэгний хөдөлгүүр” хэмээн зүйрлэж болно. Хоёр талын хамтын ажиллагаа нь Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн чухал хөшүүрэг болсон. Хятад улс 15 жил дараалан АСЕАН-ы хамгийн том худалдааны түншийн статусаа хадгалж, АСЕАН ч мөн 4 жил дараалан Хятадын хамгийн том худалдааны түнш болсон юм. Зөвхөн 2024 оны эхний 8 сард л гэхэд хоёр талын худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Хятад-Лаосын төмөр зам, Жакарта-Бандунгийн хурдны төмөр зам зэрэг төсөл орон нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, Зүүн Өмнөд Азийн өвөрмөц бүтээгдэхүүн Хятадад түгээмэл борлуулагдаж, хоёр талын иргэдэд бодит ашиг тусыг хүртээж байна.
Одоо дэлхий дахин болон бүс нутгийн байдал хурдан, нарийн төвөгтэй өөрчлөгдөж байна. Зарим улс орнууд харилцаагаа таслах, салгах, бүлэглэл фракц хуваагдан сөргөлдөхийг өдөөн турхирч, дэлхийн хэмжээнд протекционизмын сөрөг нөлөө хүчтэй болж байна. Ийм нөхцөл байдалд Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагаа яагаад улам бүр бат бөх болж байна вэ? Үндсэн шалтгаан нь улс орон бүр хөгжин дэвжих, ард түмнээ сайн сайхан амьдралтай болгох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд хөрш орнуудын хувьд эдийн засгийн харилцан нөхөх боломжтой тул үйлдвэрлэлийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтдаа хөгжүүлэхэд илүү давуу талтай, харилцан ашигтай хөгжлийг хангах бүрэн нөхцөл бололцоотойд байдаг юм.
Энэ удаагийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын нэгэн томоохон үр дүн нь Хятад болон АСЕАН-ы 10 улсын удирдагчид Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын хэлэлцээр үндсэндээ дууссан гэж зарласнаар 2025 онд хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй боллоо. Энэ шинэчлэгдсэн хувилбар нь 9 салбарыг хамарч, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны хэлэлцээрийн одоогийн хүрээг хамрахаас гадна дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, ханган нийлүүлэлтийн сүлжээний холболт, гаалийн журам болон худалдааг хөнгөвчлөх, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа зэрэг шинэ салбаруудыг багтаажээ. Энэ чухал үр дүн нь хоёр талын асар том зах зээлийг хамтдаа бүтээхэд институцийн баталгаа өгч, илүү хүчтэй, урт хугацааны хөгжлийн хөдөлгөгч хүчийг бий болгох юм.
Зарим шинжээчид Хятад болон АСЕАН-ы хамтын ажиллагаа 2010 онд чөлөөт худалдааны бүсээ байгуулж, 2019 онд 2.0 хувилбарыг бүрэн хэрэгжүүлж, удахгүй 3.0 хувилбарыг байгуулах хүртэл алхам алхмаар урагшилж байна. Ирээдүйд хоёр талын стандарт, зохицуулалтын салбарын харилцан холболтыг бэхжүүлж, худалдааг илүү хялбарчилж, хүртээмжтэй хөгжилд дэмжлэг үзүүлэх болно. Хятад болон АСЕАН-ы нийт хүн ам 2 тэрбумаас давж, дэлхийн хүн амын 1/4-ийг эзэлдэг бөгөөд эдгээр асар том зах зээлүүд нэгдсэнээр бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын түвшин илүү өндөр, дэлхийн эдийн засгийн суурь улам бат бөх болно гэдгийг онцолж байна.
Гаднын ажиглагчид энэ удаагийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын өмнө болон дараа зарим сөрөг үг яриа гарган, саад тотгор зохиосоор байгааг анзаарчээ. Тухайлбал, Японы улс төрчид “Ази дахь НАТО” хэмээх ойлголтыг гаргаж ирсэн бол АНУ болон Филиппин Өмнөд тэнгисийн асуудлыг дээд хэмжээний уулзалтын үеэр ашиглаж, сөргөлдөөн үүсгэхийг оролдсон. Энэ нь АСЕАН-ы бүс нутгийн энх тайван хөгжилд чиглэсэн хүсэл зорилготой зөрчилдөж байгаа тул өргөн хүрээнд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарчээ. Малайзын Гадаад харилцааны сайд Мохаммад Хасан “АСЕАН-д НАТО хэрэггүй” хэмээжээ. Уулзалтын зохион байгуулагч Лаосын Ерөнхийлөгч Тонглун “АСЕАН бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн нийтлэг зорилтыг үргэлжлүүлэн баримталж, эрх тэгш, харилцан ашигтай олон талт үзэл баримтлалыг хадгалах ёстой” гэжээ.
Өмнөд тэнгисийн асуудлаар Хятад улс энэ удаагийн уулзалтаар өөрийн бүрэн эрхт байдлыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд энэ нь үндэслэлтэй, хууль ёсны үйлдэл болохыг тодорхойлсон байна. Мөн талууд яриа хэлэлцээгээр зөрчилдөөнийг зохицуулж, Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулах хэлэлцээрийг АСЕАН-ы орнуудтай идэвхтэй ахиулж, ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл АСЕАН-ы орнууд ерөнхийдөө бүс нутгийн гаднах хүчнүүдийн өдөөн хатгалгаас сэрэмжилж, талцалд орох хүсэлгүй байгаагаа илэрхийлж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал бүс нутгийн хамтын ажиллагааны ерөнхий агуулгыг үймүүлэх, эвдлэхийг хүсэхгүй байна гэж үзэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд үзжээ.
Ямартай ч энэ удаагийн АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс харахад талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ханган нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг дэмжих, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зэрэг олон салбарт олон арван баримт бичигт тохиролцсон байна. Энх тайван, хөгжил дэвшлийг эрэлхийлэх нь бүс нутгийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд асуудал үүсгэж байгаа үг, үйлдлүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Нээлттэй, хүртээмжтэй байдал бол жинхэнэ зөв замнал бөгөөд хүйтэн дайны сэтгэлгээ, бүлэглэл хоорондын сөргөлдөөнийг дэмжсэн “НАТО загвар” нь гарцгүй. Саад бэрхшээлийг давж, нийтлэг ашиг сонирхол дээр төвлөрч, зөрчилдөөнүүдийг оновчтой шийдвэрлэх Хятад болон АСЕАН-ы хамтын ажиллагааны үнэт туршлага нь талуудад санаа, үлгэр жишээ өгөх боломжтой гэдгийг холбогдох бичиг баримтууд, ололт амжилтууд дахин гэрчлэн харууллаа.