АНУ-ын сансрын судалгааны технологийн компани буюу SpaceX-гийн шинэ үеийн хүнд даацын зөөгч пуужин “Оддын хөлөг буюу Starship” 13-ны өдөр тав дахь туршилтын нислэгээ хийсэн бөгөөд пуужин өргөгч нь хөөргөлтийн талбайд буцан ирж, хөөргөлтийн цамхгийн робот гарт амжилттай орсон байна. Харин сансрын хөлөг нь Энэтхэгийн далайд буужээ.
SpaceX-гийн шууд нэвтрүүлгийн видеод харуулснаар, АНУ-ын төв бүс нутгийн цагаар 13-ны өдрийн 7 цаг 25 минутад Starship хөлгийг Техасын Бока Чика дахь баазаас хөөргөсний дараахан пуужингийн нэгдүгээр зэрэглэлийн пуужин өргөгч болон хоёрдугаар зэрэглэлийн сансрын хөлөг нь амжилттай салав. Хөөргөлтийн 7 минутын дараа өргөгч нь хөөргөлтийн талбайд буцан, "Савх" хэмээгдсэн хөөргөлтийн цамхгийн робот гарт амжилттай хавчигдсан байна.
Хөөргөсний 65 минутын дараа нисэх хөлөг Энэтхэгийн далайд унажээ.
Starship пуужингийн нийт урт нь 120 метр, диаметр нь 9 метр, хоёр хэсгээс бүрдсэн юм. Нэгдүгээр зэрэглэлийнх нь 70 метрийн урттай супер том өргөгч, хоёрдугаар зэрэглэлийнх нь Starship хөлөг юм. Энэ хоёрыг бүгд дахин ашиглах боломжтой. Хүн болон ачаа барааг эх дэлхийн тойрог зам, саран бөмбөрцөг түүнчлэн ангарагт хүргэх зорилгоор уг пуужинг төлөвлөн бүтээсэн юм.
Starship-ийг тав дахь удаагаа туршин хөөргөж байгаа юм. Энэ жилийн зургадугаар сард дөрөв дэх удаа туршин нисгэх үед пуужингийн нэг хоёрдугаар зэрэглэлийнх нь амжилттай салж, төлөвлөгөөний дагуу, Мексик булан, Энэтхэгийн далайд унав. Энэ удаа SpaceX нь робот гарыг ашиглан, өргөгчийг буцаан авсан юм. Энэ арга нь пуужин өргөгчийг хурдан буцаан авчирч, дахин ашиглах боломжтой тул Starship-ийг хөөргөх давтамжийг үр дүнтэй нэмэгдүүлэх болно.