10-р сарын 13-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Ханой хотноо Вьетнамын ерөнхий сайд Фам Минь Тиньтай хамт Хятад Вьетнамын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн симпозиумд оролцжээ.
Хоёр орны аж ахуйн нэгжийн төлөөллийн илтгэлийг сонсоод Ли Чян хэлэхдээ, Хятад Вьетнам хоёр орон социалист найрсаг хөрш болсны хувьд тус тусын хөгжил цэцэглэлт нь бие биедээ чухал боломж авчрах болно. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл бөгөөд хоёр орны харилцаанд чухал түлхэц өгч байна гэжээ.
Ли Чян гурван талт санал санаачилга дурджээ. Нэгт, үндэсний хөгжлийн стратегийн холболтоо улам нягтруулж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр/ RCEP/, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбар зэрэг олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, мөн уг чиглэлээрх бодлогын үр ашгийг сайтар ашиглах ёстой. Хоёрт, аж үйлдвэрийн цогц хөгжлийг хамтдаа ахиулан, хоёр талын эрэлт нийлүүлэлтийн харилцан уялдаа холбоог гүнзгийрүүлж, тогтвортой хил дамнасан аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоно. Гуравт, Инноваци, шинэчлэлийн талаарх хамтын ажиллагааг ахиулах, ялангуяа, цэвэр эрчим хүч, био анагаах ухаан, хиймэл оюун ухаан зэрэг салбарт түлхүү анхаарал хануулж, хоёр орны хөгжлийг дэмжих шинэ хөдөлгөгч хүчийг хамтаар ахиулах нь зүйтэй гэлээ.
Фам Минь Тинь хэлэхдээ, Хятад улс нь Вьетнамын худалдааны хамгийн том түнш бол Вьетнам нь АСЕАН-ы хүрээн дэхь Хятадын хамгийн том худалдааны түнш юм. Иймд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны гол хөшүүрэг болж байна. Вьетнамын тал Хятадтай харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл баримтлалын дагуу бүс нутгийн эдийн засгийн интегралчлалын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн манай засгийн газар аж ахуйн нэгжүүдэд таатай бизнесийн орчин бүрдүүлж, Хятадын илүү олон аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийхийг урьж байна гэжээ.