Аравдугаар сарын 14-нд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кацийн хүсэлтийн дагуу түүнтэй утсаар ярив.
Кац бүс нутгийн байдлын талаарх Израилийн үзэл бодол, анхаарч буй асуудлын тухай танилцуулав.
Ван И хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн удаан үргэлжилж, улмаар даамжирч байгаад сэтгэл түгшиж байна. Өнөөгийн байдалд хамгийн чухал зүйл нь Газын зурваст нэн даруй иж бүрэн бөгөөд байнгын гал зогсоож, барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж, Газад хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэх явдал юм. Улс үндэстэн, арьсны өнгөөс үл хамааран бүх амь нас адилхан үнэ цэнэтэй бөгөөд Газад болсон хүмүүнлэгийн гамшиг цаашид үргэлжлэх ёсгүй. Хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр хариу авах нь талуудын зүй ёсны ашиг сонирхлын асуудлыг бодитойгоор шийдэж чадахгүй. Газын мөргөлдөөн Палестины асуудал Ойрхи Дорнодын асуудлын гол цөм хэвээр байгааг дахин харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолой маш тодорхой, өөрөөр хэлбэл "хоёр улсын шийдэл"-ийн улс төрийн замналд аль болох хурдан эргэн орж, Израиль, Палестин хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, еврей болон араб үндэстэн эв найрамдалтай харилцахыг биелүүлэх явдал юм. Энэ бол Израиль зэрэг бүх талуудын тогтвортой, өнө батын аюулгүй байдалд хүрэх зөв зам юм.
UNIFIL нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын зөвшөөрлийн дагуу энхийг сахиулах ажлыг гүйцэтгэдэг гэдгийг Ван И онцлоод Израиль UNIFIL ажилтнуудын аюулгүй байдлыг хангах тодорхой арга хэмжээ авах ёстой гэжээ.