НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 16-ны өдөр Италийн нийслэл Ром хотноо дэлхийн үр тарианы өдрийн арга хэмжээг зохион байгуулж, 2024 оны Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын ололт амжилтын шагналыг гардуулсан байна. Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ургамал хамгааллын судалгааны хүрээлэн үр тарианы хорт шавжаас урьдчилан сэргийлж, үр дүнтэй хяналтдаа авч чадсан бөгөөд дэлхийн хүнсний аюулгүй байдлыг ахиулах талаар жинтэй хувь нэмэр үзүүлснээр уг шагналыг хүртжээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чюй Дүнюй мөн өдөр уг шагналыг зарлах үеэр хэлэхдээ, Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ургамал хамгааллын хүрээлэнгийн үр тарианы хорт шавжаас урьдчилан сэргийлж хяналтдаа авах чиглэлээр гаргасан ололт амжилт нь Хятад улсад төдийгүй Ази болон дэлхийн хэмжээнд ч гүн гүнзгий үр нөлөө үзүүлж, үр тариаг хамгаалах, хүнсний хангамжийг хангахад асар их хувь нэмэр оруулсан гэжээ.
Spodoptera Frugiperda буюу үр тарианы хорт шавжаас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах нь дэлхийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгарч буй нийтлэг сорилт юм. 2018 онд энэхүү хорт шавж Хятадад орж ирсний дараа Хятад улс үүнд ихээхэн анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах үр дүнтэй технологийн системийг бий болгоод зогсохгүй, илүү их ургац авах зорилтод хүрч чадсан бөгөөд Зүүн өмнөд Азийн орнууд руу нүүж очих шавьжны тоог бууруулж чадсан юм.