Орон нутгийн цагаар 19-нд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн Израилийн хойд хэсгийн Каисари хотод буй хувийн орон сууцны газар нисгэгчгүй онгоцоор хийсэн дайралтад өртөв. Үүний улмаас хүний амь эрсдээгүй. Үүний дараа Беньямин Нетаньяху болон Израилийн засгийн газар гаргасан мэдэгдэлдээ, Ливаны Хезболла болон Иран уг халдлагыг төлөвлөсөн, тэд үүнийхээ үр дагаварыг амсах болно гэжээ.
Беньямин Нетаньяхугийн Каисари дахь хувийн орон сууцны газар мөн өдрийн өглөө нисгэгчгүй онгоцоор хийсэн дайралтад өртсөн болохыг Израилийн ерөнхий сайдын ажлын алба 19-нд нотолжээ. Тухайн үед Нетаньяху болон түүний гэргий хоёулаа байшинд байгаагүй бөгөөд халдлагын улмаас хүний амь хохироогүй. Мөн өдрийн өглөө Израилийн Батлан хамгаалах хүчин хэлэхдээ, Ливанаас хөөргөсөн нисгэгчгүй онгоц Каисари дахь барилга руу дайрав гэсэн байна.
Оршин суугаа газар халдлагад өртсөний дараа Беньямин Нетаньяху уг халдлагыг "Иран ба түүний төлөөний хүмүүс" зохион төлөвлөсөн хэмээн буруутгаж, энэ халдлагыг "ноцтой алдаа" гэж нэрлэж, түүнчлэн "түүнийг юу ч хориглож чадахгүй", Израиль үхэж сэхэхийн дайны үед байгаа бөгөөд "дайнд ялах болно" гэж онцолжээ.
Мөн орой Израилийн Гадаад хэргийн сайд Израэль Кац мэдэгдэл хийж, энэ халдлага нь "Ираны үнэн нүүр царайг" харуулсан бөгөөд үүнийхээ үр дагаварыг нь амсах болно гэжээ. Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Хагари мөн орой, Ливаны Хезболла бүлэглэл энэ халдлагыг үйлдсэн бөгөөд энэ нь Израилийг "тус бүлэглэлийн эсрэг цохилтоо эрчимжүүлэхэд хүргэнэ" гэж анхааруулсан байна.
Одоогоор Ливаны Хезболла энэ хэрэгт хариу өгөөгүй байна. Ираны Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Иранаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газар 19-ний орой мэдэгдэл нийтэлж, "энэ ажиллагааг Ливаны Хезболла бүлэглэл үйлдсэн" гэжээ.