Ши Жиньпин Тонглун Сисулиттай уулзав
2024-10-22 23:38:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 22-ны орой Казань хотод болох БРИКС-ын орнуудын  удирдагчдын уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисулиттай  уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн оны 10-р сард бид Хятад Лаосын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд, хоёр нам, хоёр орны олон салбар, орон нутаг үүнийг тууштай хэрэгжүүлж, дэд бүтцээр харилцан холбогдох, эдийн засаг худалдааны хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн соёлын солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Социалист ах дүүс орны хувьд Хятад Лаосын харилцаа нь Хятадын хөрш орнуудын дипломат харилцаанд онцгой чухал байр суурь эзэлдэг бөгөөд хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад ямагт тэргүүн эгнээнд явж ирлээ. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс нь Лаосын найдвартай анд, түнш байх болно. Хятад улс Хятад маягийн орчин үеийн өндөр чанартай бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж байна. Лаос улс ч мөн үндэсний хөгжил, сэргэн мандалтын шинэ шатандаа явж байна. Лаосын талтай стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Лаосын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Тонглун Сисулит хэлэхдээ, өнгөрсөн онд миний бие Хятадад хүрэлцэн очиж, "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй Лаос-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарт гарын үсэг зурсан юм. Одоогоор холбогдох үйл ажиллагааг эрчмтэй хэрэгжүүлэх үр дүнтэй ажиллаж байна. Лаос-Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, цар хүрээ нь цаашид тэлсээр байна. Хятад улс урт хугацааны турш Лаост үнэтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн. Хятадтай хамтаар Лаос-Хятадын төмөр зам, Лаос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Лаос-Хятадын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг цаашид ахиулахыг найдаж байна. Лаосын нам, засгийн газар Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын засгийн газрын улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалахыг гуйвшгүй дэмжих бөгөөд Тайвань, Хонконг, Шиньжянтай холбоотой асуудлаар Хятадын хууль ёсны байр суурийг дэмжинэ гэдгээ дахин нотолж байна. Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад Лаосыг тууштай дэмжиж ирсэн Хятад улсад баярлалаа. Хятад улстай АСЕАН зэрэг олон талт тавцан дээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахад Лаос улс бэлэн байна гэжээ.