10-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны Хил, Тэнгисийн үйл хэрэг хариуцсан газрын дарга Хун Лян болон Японы ГХЯ-ны Ази, Их Далайн товчооны ерөнхий захирал Хироюки Нама нар Японы нийслэл Токио хотноо Хятад, Японы тэнгисийн үйл хэрэг хариуцсан газрын дээд түвшний зөвшилцлийн механизмын 17 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг хамтдаа даргалав, Хятадын ГХЯ, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны алба, Үндэсний Батлан хамгаалах яам, Байгалийн нөөцийн яам, Экологи байгаль орчны яам, Зам тээврийн яам, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Үндэсний эрчим хүчний газар, Хятадын эргийн хамгаалалтын алба хийгээд Японы Гадаад хэргийн яам, Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Батлан хамгаалах яам, Далайн аюулгүй байдлын газар, Загас агнуурын яам, Байгаль орчны яам, Нөөц, эрчим хүчний газар зэрэг байгууллага нэгжээс оролцох ажилтнуудаа тус тус илгээсэн байна.
Хоёр тал бүгд хуралдаан болон тэнгисийн хамгаалалт, тэнгисийн хууль сахиулах, аюулгүй байдал, тэнгисийн эдийн засаг зэрэг ажлын гурван хэсгийн хуралдааныг тус тус хийж, хоёр орны тэнгистэй холбоотой асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүн гүнзгий солилцсон байна. Зүүн тэнгис, Дяо Юйдао арал, Өмнөд тэнгис, Тайваний хоолой болон далай тэнгисийн агаарын аюулгүй байдал зэрэг асуудлаарх байр сууриа Хятад улс дэлгэрэнгүй тайлбарлаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон аюулгүй байдлын асуудлыг үнэнхүү хүндэтгэж, далай тэнгистэй холбоотой сөрөг үг, үйлдлээ зогсоож, бодит үйл ажиллагаагаараа Хятад, Японы харилцааг сайжруулан хөгжүүлэхийг Японы талд шаардав.
Хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, тэнгисийн харилцааны асуудлаар үргэлжлэн нягт харилцаа холбоо тогтоон, зөрчил мөргөлдөөн, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Зүүн тэнгисийг энх тайван, хамтын ажиллагаатай, найрамдлын тэнгис болгон бүтээн байгуулж, шинэ эриний шаардлагад нийцсэн, бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцааг ахиулахын төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргахаар хоёр тал тохиролцов.