10-р сарын 26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ын Засгийн газар Хятадын Тайваньд 19.88 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Сэтгүүлч: Америкийн Төрийн департамент Хятадын Тайваньд нийт 19.88 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, үүнд "үндэсний дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем" болон радарын систем нийлүүлэхийг зөвшөөрсөн тухай тус орны БХЯ мэдэгдсэн байна. Хятадын улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
Хэвлэлийн төлөөлөгч: АНУ Хятадын Тайваньд зэвсэг нийлүүлж буй нь "Нэг Хятад"-ын зарчим болон Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдэл, тэр дундаа "Наймдугаар сарын 17-ны мэдэгдэл буюу "АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхийг зохицуулж шийдвэрлэх тухай Хятад, Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийн заалтыг ноцтой зөрчиж байна. Энэ нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалтай халдаж, Хятад, Америкийн харилцааг ихээхэн доройтуулан, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, "Тайваний тусгаар тогтнолыг дэмжих" хүчнүүдэд буруу мессеж илгээж байна.
Хятадын тал үүнд эрс эсэргүүцэл илэрхийлж, албан ёсоор хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн. Америк "Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах" бодлого баримталж, "зэвсгээр тусгаар тогтнолыг дэмжих" замаар Тайваний тусгаар тогтнолыг дэмжиж байгаа нь тус орны удирдагчдын "Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй" гэсэн амлалтаас илэн далангүй няцаж байна. Хоёр улсын хооронд тогтвортой харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаас ч бүрэн зөрж буй үйлдэл юм. Америк Тайванийг зэвсэглэхээ даруй зогсоож, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах аюултай үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Хятад улс шаардаж байна. Хятадын тал эрс хариу арга хэмжээ авах бөгөөд улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэжээ.