10-р сарын 28-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргаллаа.
Сэтгүүлч: 10-р сарын 23-25-нд БНХАУ болон АСЕАН-ы ээлжит дарга орон болох Лаос улс хамтран Шэньжэнь хотод биологийн зэвсгийн хяналт ба биологийн аюулгүй байдлын асуудлаар бүс нутгийн семинарыг зохион байгуулсан. Тус семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Линь Жянь: Энэ нь БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудын хооронд зохион байгуулагдаж буй биологийн зэвсгийн хяналт, биологийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны анхны семинар бөгөөд амжилттай болж өндөрлөлөө. Хятад улс болон АСЕАН-ы ээлжит дарга орон Лаос улстай хамтран гаргасан хамтарсан мэдэгдэлд дараах дөрвөн гол зарчимд санал нэгдсэн байна:
1. Харилцан туршлага солилцож, улс орнуудын биологийн аюулгүй байдлын засаглалын системийн шинэчлэлийг ахиулах.
2. Улс төрийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, биологийн аюулгүй байдлын эрсдэлийг хамтдаа даван туулах замаар биологийн шинжлэх ухаан, технологийг хүн төрөлхтний сайн сайханд чиглүүлэх.
3. Дэлхийн засаглалыг сайжруулж, "Биологийн зэвсэг хориглох конвенц"-ыг дэмжин, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд илүү олон нийтийн бүтээгдэхүүнээр хангахад хувь нэмэр оруулах.
4. Цаашдын хамтын ажиллагааг хэлэлцэж, семинар зэргийг тогтмол зохион байгуулснаар бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Лин Жянь цааш нь хэлэхдээ, Хятад улс дэлхийн биологийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулахад өндөр ач холбогдол өгч, биологийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэхийг "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг"-тээ тусгасан ба олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээр авч үзэж байна. Хятад улс Зүүн өмнөд Азийн орнуудтай биологийн аюулгүй байдлын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлд шинэ эрч хүч нэмж, дэлхийн биологийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно гэв.