"Шэньжөү-19" сансрын хөлгийг маргааш 04:27 цагт хөөргөнө
2024-10-29 10:35:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөө өглөө (10-р сарын 29) Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын нислэгийн талаарх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ, нислэгийн үүргийн ерөнхий удирдах төв судлаж шийдвэр гаргасны дагуу "Шэньжөү-19" сансрын хөлгийг Бээжингийн цагаар 10 дугаар сарын 30-ны 04:27 цагт хөөргөхөөр товлосон гэв.

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, "Шэньжөү-19" сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд Цай Шюйжэ, Сүн Линдүн, Ван Хаозэ гэсэн гурван сансрын нисгэгч багтаж, командлагчаар нь Цай Шюйжэ ажиллахаар ерөнхий удирдах төвөөс шийдвэрлэсэн байна.

Сансрын нисгэгч Цай Шюйжэ "Шэньжөү-14" нисгэгчтэй сансрын нислэгийн даалгаврыг гүйцэтгэсэн. Сүн Линдүн, Ван Хаозэ нар бол Хятад улсын гуравдах бүлэг сансрын нисгэгчид юм. Тэд хоёулаа 1990-ээд онд төрсөн бөгөөд анх удаа нислэгийн үүрэг гүйцэтгэх гэж байна.

Тэдгээрийн дотроос, Сүн Линдүн сонгогдохоосоо өмнө Агаарын цэргийн хүчний нисгэгч байсан. Ван Хаозэ сонгогдохоосоо өмнө Хятадын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацийн сансар судлалын технологийн судалгааны хүрээлэнгийн ахлах инженерээр ажиллаж байсан. Тэрээр одоогоор Хятад улсын сансрын нислэгийн цорын ганц эмэгтэй инженер бөгөөд Хятад улсын нисгэгчтэй сансрын нислэгийн үүрэг гүйцэтгэсэн гурав дахь эмэгтэй сансрын нисгэгч болох юм.