Хятад улс хотын хөгжлийн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэж байна
2024-10-31 18:26:41
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 31-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдууллаа. Энэ үеэр сэтгүүлч "Өнөөдөр бол Дэлхийн хотуудын өдөр. 2024 оны Дэлхийн хотуудын өдөрт зориулсан Хятадын гол арга хэмжээ Шаньдүн мужийн Вэйхай, Шанхай хотуудад болж байна. Арга хэмжээ нь 'Хүн төвтэй хотыг хамтдаа бүтээж, сайхан амьдралыг хамтдаа эдэлье' гэдэг уриан дор болж байгаа юм байна. Одоогийн байдлаар дэлхийн хотууд нөөцийн хомстол, байгаль орчны бохирдол, цаг агаарын эрс тэс өөрчлөлт зэрэг олон сорилттой тулгарсаар байна. Хотын тогтвортой хөгжлийн тал дээр Хятад улсын амжилт, дэлхий дахинд оруулсан хувь нэмрийн талаар танилцуулаач” гэжээ.

Лин Жянь хариулахдаа, Дэлхийн хотуудын өдөр нь Хятад улсын санаачлаагаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор батлагдсан анхны олон улсын өдөр бөгөөд 2010 оны Шанхайн ЭКСПО-гийн "Хот амьдралыг сайхан болгоно" үзэл санааг өвлөн, түгээх зорилготой юм. Тус өдөр нь хотуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал платформ болсон тул олон улсын өргөн дэмжлэгийг авч байна.

Хятад улс дэлхийн хамгийн том, хамгийн хурдтай хотжилтын үйл явцад орж, хотын хөгжил, хотжилтын бүтээн байгуулалтаараа түүхэн амжилт гаргалаа. Энэ оны турш Хятад улс хүн төвтэй хотжилтыг тууштай ахиулж, хотын бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, удирдлагын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хөгжлийн арга барилаа өөрчлөх үйл явцыг түргэтгэж байна. Одоогоор байнгын оршин суугчдын хотжилтын түвшин 66.16 хувьд хүрч, 930 сая гаруй хүн хот суурин газарт амьдарч байна. Хотын олон ургалч үүрэг хариуцлага нэмэгдэж, амьдралын орчныг ихээхэн сайжруулан, хотын удирдлагын түвшинг бодитоор дээшлүүлж чадлаа.

Шинэ гарсан Дэлхийн хотуудын индекс тайланд Хятадын хотуудын зэрэглэл эрс өсөж, гурван хот дэлхийн эхний аравт багтсан байна. Хятад улс өндөр чанартай хөгжлийн замналыг бие даан судлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ хотын хөгжлийн туршлагаа бусад орон, бүс нутагтай хуваалцаж, ухаалаг тээвэр, барилгын эрчим хүчний хэмнэлт, нүүрстөрөгч багатай ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн хотуудын тогтвортой хөгжилд өөрийн орны оюун ухааныг хуваалцаж байна.

Хот бол орчин үеийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэг бөгөөд хотуудын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд улс орнуудын хамтын хүчин чармайлт чухал юм. Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, хотын хөгжлийн салбарт хамтран ажиллахад бэлэн бөгөөд хотын хөгжлийн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд гар бие оролцохыг хүсэж байна гэв.