11-р сарын 1-ний өдөр Усны нөөцийн яам болон Хятадын өмнөд нутгийн усыг хойд зүг рүү дамжуулах группийн ХХК-иас мэдээлснээр, өмнөд нутгийн усыг хойд зүг рүү дамжуулах дунд шугамын төслийн эхний үе шатны ус дамжуулах байгуулалт 2023-2024 онд ажлаа дуусгалаа. 10-р сарын 31-ний байдлаар, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хэнань дөрвөн муж, хотод нийт 8 тэрбум 337 сая шоо метр ус дамжуулсан нь жилийн төлөвлөгөөний 118 хувийг биелүүлсэн байна.
Түүнчлэн, 6-7-р сар хүртэлх хугацаанд дунд шугамын төслийн зам дагуу ус хүлээн авах бүс нутагт адил бус хэмжээний ган гачигдалтай байсан нөхцөл байдалд холбогдуулан Усны нөөцийн яамнаас Хятадын өмнөд нутгийн усыг хойд зүг рүү дамжуулах группийг удирдан чиглүүлж, зүй зохистой стратеги хэрэгжүүлэн, Хэнань, Хэбэй мужуудад нийт 42 сая шоо метр яаралтай ус нийлүүлж, орон нутгийн ган гачигнаас хамгаалах усны хэрэгцээ шаардлагыг үр дүнтэй хангаж чаджээ.
Өмнөд нутгийн усыг хойд зүг рүү шилжүүлэх төслийн дунд шугамын эхний үе шатны ажил 2014 онд албан ёсоор эхэлсэн юм. Ус ашиглалтад орсноос хойш төслийн хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 68 тэрбум гаруй шоо метр ус шилжүүлсний 10.637 тэрбум шоо метр ус нь экологийн нөхөн сэргэлтэд зарцуулсан байна. Уг төсөл нь Бээжин, Тяньжинь хот руу 10 тэрбум шоо метрээс илүү ус нийлүүлсэн бөгөөд өмнөд нутгийн ус нь Бээжин хотын усан хангамжийн 70 гаруй хувийг бүрдүүлж, Тяньжинь хотын төв суурин газрын бараг бүх усан хангамж нь өмнөд нутгаас шилжүүлсэн ус юм. Энэ нь уг төслийн дагуух мужуудын усан хангамжийн аюулгүй байдлыг үр дүнтэй баталгаажуулж чадсан байна.