11-р сарын 5-ны өдөр болсон Хятадын олон улсын импортын 7 дахь экспогийн үеэр,“Хятад улс өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа ахиулж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахын төлөө шийдэмгий зориг гаргаж байгаа нь бидэнд маш их урам зориг өгч байна”гэж Америкийн Хятад дахь Пфайзер компанийн ерөнхийлөгч Жан-Кристоф Поунто, L'Oreal группийн ТУЗ-ийн дарга Жан-Пол Агон зэрэг гадаадын компаниудын удирдах албан тушаалтнууд сэтгүүлчдэд хэлж байлаа. CIIE нь жил бүр товлосон цагтаа зохион байгуулагдаж, Хятадын хөгжлийн боломжуудыг дэлхий дахинтай хуваалцахад түлхэц өгч, Хятадын зах зээлийг гүнзгий судлах итгэл зоригийг нэмэгдүүлж байна.
Долоо дахь экспо энэ сарын 5-11-ний өдрүүдэд Хятадын Шанхай хотод болж байна. Экспогийн нээлтэд 152 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын удирдагчид, улс төр, бизнес, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл гээд 1500 орчим хүн оролцлоо. Мөн 129 улс орон, бүс нутгаас 3496 аж ахуйн нэгж үзэсгэлэн ажиллуулж байгаа нь оролцсон улс орон, компаниудын тоо өмнөх экспо-оос давсан байна. Үзэсгэлэнд дэлхийн Топ 500, ажил төрлийн тэргүүлэх 297 аж ахуйн нэгж оролцсон нь түүхийн дээд амжилт тогтоож, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн 360 мянга гаруй ам.метр талбайг хамарчээ.
Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Саяхан чуулсан ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаас өөрчлөлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлийг ахиулах талаар системтэй зохицуулалт хийсэн. Иймэрхүү онцгой ач холбогдол бүхий чухал онд CIIE товлосон цагтаа болж байгаа нь дэлхий дахинд ямар шинэ санаа оноо, боломжуудыг авчрах бол ?
Гадаадын хөрөнгө оруулалттай ихэнх аж ахуйн нэгжүүдийн хувьд, юуны өмнө Хятадын зах зээлд ихээхэн анхаарал хандуулж байна. Аж үйлдвэрийн иж бүрэн систем, дэд бүтэц, маш сайн боловсон хүчний нөөц, тасралтгүй боловсронгуй болж буй бизнесийн орчин, өргөжин тэлж буй өндөр түвшний нээлттэй байдал зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин байсаар ирсэн гэж Nestlé Greater China компанийн ахлах дэд захирал Фан Жүньтао сэтгүүлчдэд хэллээ.
Сүүлийн хэсэг хугацаанд, Хятадын засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээг цаашид нэмэгдүүлэхийн тулд өсөлтийг нэмэгдүүлэх цуврал бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ удаагийн CIIE-д Хятадын тал тогтолцооны шинжтэй нээлттэй байдлыг улам өргөжүүлж, олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журамд идэвтэй зохицон, чөлөөт худалдааны туршилтын бүсийг сайжруулах стратеги зэрэг нээлттэй арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, зах зээлийг цаашид нээж, Хятадын асар том зах зээлийг жинхэнэ дэлхийн томоохон боломж болгож, улмаар үндэстэн дамнасан компаниудад илүү сайн хөгжлийн боломж, туршлага авчрах зорилт тавин ажиллаж байна. "CIIE-ийн нээлттэй цонхоор бид Хятадын зах зээлийн асар их боломжуудыг мэдэрч, улмаар нийгмийн олон салбартай сайн сайхан хамтын ажиллагааны харилцаа тогтоож байна" гэж гадаадын нэр хүндэт компаниудын төлөөлөл хэлж байв.
Үнэн хэрэгтээ, анхны CIIE-г зохион байгуулснаас хойш, CIIE лангуу байрлуулж, үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх зэрэг олон төрлийн ажилд дөхөм үзүүлснээр, буурай хөгжилтэй орнуудыг үзэсгэлэнд оролцоход тав тухтай нөхцөлөөр хангасан юм. Энэ удаад зохион байгуулагч тал буурай хөгжилтэй орнуудын үзэсгэлэн худалдаанд оролцогчдод 120 гаруй лангууг үнэ төлбөргүй олгож, буурай хөгжилтэй 37 орны үндэсний үзэсгэлэн, аж ахуйн нэгжийг үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлсан байна. Мөн хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэнд Африкийн бүтээгдэхүүний тусгай бүсийг өргөтгөн байгуулжээ. Энэ нь илүү олон хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, эдийн засгийн даяаршлын үйл явцад оролцох боломжийг олгож, хөгжлийн үр шимээ улс орнуудын ард түмэнтэй эрх тэгш хуваалцах боломжийг олгожээ.
"Шинэ эрин, хамтын ирээдүй" - Энэ бол CIIE-ын гол сэдэв, мөн ч Хятад улсын дэлхий дахины өмнө хийсэн амлалт юм. Худалдан авагч байснаа дахин зарагч болж, үзэсгэлэнд тавьж байсан бүтээгдэхүүнээ дахин худалдаанд гаргах, үзэсгэлэнгийн оролцогч байснаа хөрөнгө оруулагч болох гэх мэтээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх хүртэл CIIE нь жил бүр зохион байгуулагдаж, байнга шинэчлэгдэж байгаа ч нээлттэй байдлаа тэлэн өргөжүүлэх итгэл зориг, боломжуудыг дэлхий дахинтай хуваалцах чин сэтгэл өрөөс өөрчлөгдөж байгаагүй юм. Иймэрхүү харилцан ашигтай, хамтдаа хожсон болзоо Хятад болон дэлхийн хооронд жил болгон үргэлжилсээр байх нь зүйтэй.