Ши Жиньпин Хүбэйд ажилласны утга учир
2024-11-07 14:48:18
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Хятадын удирдагч Ши Жиньпин Хятадын төв нутгийн Хүбэй мужид хүрч, музей, хөдөө аж ахуйн талбай, инновацын салбарын ажил байдлыг судалж, Хүбэйг бүс нутгийн хөгжлийн чухал тулгуур болгож, Хятад маягийн орчин үеийн хөгжлийн чухал бүс нутаг болгох тухай чухал байршуулалт хийв.

Археологийн судалгааг эрчимжүүлж, соёлын өвийн хамгаалалтыг сайжруулах

11 дүгээр сарын 4-ний үдээс хойш, Ши Жиньпин Хүбэй мужийн Юньмэн хошууны музейд айлчилж, түүх соёлын өвийг хамгаалалтын нөхцөл байдалтай танилцав. Юньмэн хошуу нь Хятад дахь түүх, соёлын үнэт өв бүхий нутаг юм. Энд хадгалагдаж буй 5000 гаруй үзмэрийн зарим нь улсын хэмжээнд нэн ховорд тооцогддог бөгөөд Хятадын үсэг бичгийн түүхийн эх сурвалж болох модон самбар дээр бичсэн ханз үсэг, гэр бүлийн захидлуудыг анх удаа илрүүлсэн газар юм.

Ши Жиньпин тус музейд археологийн судалгааг үргэлжлүүлэн хөгжүүлж, соёлын өвийг хамгаалах ажлыг сайжруулах нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэтэй хувь нэмэр болохыг тэмдэглээд, Хятадын соёлын үнэт өвүүдийг хойч үедээ өвлүүлж, ард түмний соёлын бахархал, итгэлийг бэхжүүлэх зорилгоор ажиллахыг онцлов.

Орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх нь чухал

11 дүгээр сарын 5-ны өглөө Ши Жиньпин Хүбэй мужийн Жяюй хошуунд очиж, хөдөөгийн хөгжлийг дэмжих ажлын явцтай танилцав. Жяюй хошуу нь голчлон хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ алдартай бөгөөд жилд 127 сая тонн орчим хүнсний ногоо үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Ши Жиньпин тус хошууны нэгэн тосгонд зочлон, тариалангийн талбай, ногооны сортууд, тариалалтын арга техник, худалдааны байдлыг сонирхжээ.

Тэрээр "Орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны дэвшилд тулгуурлах хэрэгтэй" гэдгийг онцолж, газар тариалангийн бүтээмжийг өсгөж, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд шинжлэх ухааныг ашиглахыг зөвлөв. Ши Жиньпин тосгоны нэгэн айлд зочлон, гэр бүлийн орлого, хүүхдүүдийн ажил эрхлэлт, ахмад настны халамж, эрүүл мэндийн үйлчилгээний талаар асууж ойлгосон байна.

Шинжлэх ухаан, технологийн инновацад тулгуурлан хөгжлийг дэмжих

Ши Жиньпин Хүбэй мужийн төв Үхань хотын Инновацын хөгжлийн судалгааны хүрээлэнд хүрч, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн салбар дахь дэвшилтэт технологи, санхүү хөрөнгө, хүний нөөцийн интеграцийн талаар санал солилцов. 

Хүбэй муж нь шинжлэх ухаан, технологийн чадамжаараа онцгой давуу талтай бөгөөд үүнийг дэвшилтэт үйлдвэрлэл, инновацын хөгжлийг дэмжихэд ашиглах ёстойг тэрээр онцолжээ. Түүнчлэн Хүбэй мужийн цаашдын хөгжлийн талаар Ши Жиньпин шинжлэх ухаан, инновацыг дэмжих, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, хот хөдөөгийн нэгдсэн хөгжлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэгджээ.