Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 11-р сарын 6-ны өдөр Куньмин хотод Мьянмарын удирдагч Мин Аун Хлайнтай уулзлаа. Мин Аун Хлайн Хятад улсад ирж, Их Меконг мөрний эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 8 дахь удаагийн уулзалтад оролцож байна.
Ли Чян уулзалтын үеэр, Хятад улс Мьянмартай харилцаагаа хөгжүүлэх асуудлыг Хятадын хөрш орнуудтай харилцах дипломат бодлогын чухал байранд тавьдаг бөгөөд Мьянмар улс үндэсний онцлогтоо тохирсон хөгжлийн замыг сонгохыг тууштай дэмждэг. Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, нийтлэг сорилтуудыг хамтдаа даван туулахад Хятад улс бэлэн бөгөөд хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэв.
Тэрээр цааш нь Хятад улс Мьянмарын улс төрийн эвлэрэл, шилжилтийн үйл явцыг дэмжиж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад-Мьянмарын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг тогтвортой урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр тал боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бататгах, мөн цахим гэмт хэрэг зэрэг хил дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэж, ард түмний амин чухал эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн Мьянмар улсад ажиллаж буй Хятадын иргэд, байгууллага болон төсөл хөтөлбөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг хүсээд, Хятад улс Мьянмартай олон талт салбарт нэгдсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжиж буй бусад оронтой хамтдаа нийтлэг эрх ашгаа хамгаалахад үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Мин Аун Хлайн хэлэхдээ, Мьянмар улс “Нэг Хятад”-ын бодлогод тууштай байж, Тайвань бол Хятад улсын салшгүй хэсэг гэж үздэг. Мьянмарын эдийн засаг, нийгмийн хөгжил болон байгалийн гамшигтай тэмцэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятадын засгийн газарт талархаж байна. Ирэх онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан найрсаг харилцаагаа улам бататгаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Мьянмар-Хятадын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтад илүү их амжилт гаргахыг Мьянмарын тал хүсэн хүлээж байна гэжээ.