Ли Чян Азийн хөгжлийн банкны захиралтай уулзав
2024-11-07 09:52:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 11-р сарын 6-ны үдээс хойш Күньмин хотод Азийн хөгжлийн банкны захирал Масацугу Асакаватай уулзлаа. Асакава Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын 8 дахь уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн юм. Ли Чян уулзалтын үеэр хэлэхдээ, өнөөгийн нөхцөлд ивээх үзэл, геополитикийн зөрчлөөс шалтгаалан дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байна. Гэсэн хэдий ч энэ он гарснаас хойш Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж, шинэ хүчин зүйлүүдийн өсөлт хурдсаж, Ази болон дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулж байна. Хятад улс цаашид ч нээлттэй байдлаа өргөжүүлж, улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцахыг зорьж байна гэжээ.

Тэрээр цааш нь, Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, харин Азийн хөгжлийн банк бол Ази, Номхон далайн бүсийн хамтын хөгжлийг дэмжих гол байгууллага тул хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай юм. Хятад улс Азийн хөгжлийн банктай байгаль орчны хамгаалал, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжил, ахмадын асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарт санхүүгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байна. Мөн аж үйлдвэрийн хөгжил, төсөв, татварын шинэчлэл, хөгшрөлтийн эсрэг тэмцэл зэрэг салбаруудад мэдлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны платформыг ашиглан бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах, дижитал эдийн засаг болон ногоон хөгжлийн чиглэлээр Хятадын туршлагыг бусад улс орнуудад хуваалцахад бэлэн гэжээ.

Масацугу Асакава хэлэхдээ, Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь Ази, Номхон далайн бүс нутаг, цаашлаад дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Азийн хөгжлийн банк Хятад улстай бат бөх, иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, Хятад улсын өндөр чанартай хөгжлийг дэмжин, ногоон хөгжил, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний өөрчлөлт, мэдлэгийн инновацын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ. Мөн тэрээр бүс нутгийн хамтын ажиллагааны механизм болох Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, бодит үр дүнд хүрэх, чөлөөт худалдааг хамгаалж, ивээх үзлийг эсэргүүцэх замаар Азийн хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.