Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийг тууштай дэмжиж ажиллана гэдгээ дахин нотлов
2024-11-08 10:10:18
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн албан бус хуралдаан болж, Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг (UNRWA)-ийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Хятадын төлөөлөгч тус агентлагт тууштай дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж, Израилын парламентаас тус агентлагт чиглэсэн хууль тогтоомж баталсныг буруушаажээ.

Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн ерөнхий комиссар Филиппо Лаззарини тус агентлаг нь Газын зурвасын ард түмний амьжиргааны гол тулгуур болж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 239 ажилтан нь амь үрэгдсэн тухай онцлов. Хэрэв агентлагийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл сая сая палестинчууд гамшигт нөхцөлд орох болно гэдгийг тэрээр анхааруулж, Израилын парламентын хууль тогтоомжоо хэрэгжүүлэхээс сэргийлэхийг НҮБ-д хандан хүссэн байна.

Израил нь Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийг эсрэг хууль тогтоомж гаргасан нь палестинчуудыг устгах бодлогын бас нэгэн жишээ бөгөөд энэ нь НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг зөрчиж буй үйлдэл хэмээн Палестины байнгын төлөөлөгч Рияд Мансур хэлжээ.

НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Фү Цун, Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд Израилын парламентын энэхүү хууль тогтоомж нь НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж мэдэгдэв. Фү Цун хэлэхдээ, Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг нь Газын зурвасын 2 сая иргэний амьжиргааны гол эх сурвалж болсон. Тус агентлагийн үйл ажиллагаанд саад учруулах нь Газын зурвасын ард иргэдийн өлсгөлөн, өвчин, зовлонг улам бүр дордуулах тул олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байна. Тус агентлагийн төвийг сахисан байр суурьд Израил шүүмжлэлтэй хандаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилсон хараат бус хяналтын багийн тайланд Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг нь төвийг сахих байр сууриа хадгалж, зөрчилд оновчтой арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх тогтолцоо сайтар бүрдсэн болохыг тодотгосон гэжээ.