Хятадын олон улсын нисэхийн болон сансрын технологийн 15 дахь удаагийн үзэсгэлэн нээгдлээ
2024-11-12 14:30:46
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 12-нд Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Жүхай хотод Хятадын олон улсын нисэхийн болон сансрын технологийн 15 дахь үзэсгэлэн нээгдэв. Энэхүү нисэхийн шоунд 47 улс орон, бүс нутгаас 1022 компани оролцсон бөгөөд ОХУ, Франц, АНУ, Саудын Араб, Итали зэрэг орнууд тусгай төлөөлөгчид илгээн оролцуулж, хилийн чанадын орнуудын үзэсгэлэнд оролцогчид 104 хувиар өссөн байна. Асар олон тооны дэлхийн алдартай агаарын тээврийн компаниуд Хятадын нисэхийн шоунд зах зээлийн боломжуудыг эрэлхийллээ.

Энэ удаагийн үзэсгэлэн нь олон түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Жухай хотын олон улсын нисэхийн болон сансрын технологийн үзэсгэлэнгийн төв нь 120 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нийт 13 үзэсгэлэнгийн танхимыг нээсэн нь анхны нисэхийн болон сансрын технологийн шоуныхаас 15 дахин их юм. Мөн Жинфэнтайн үзвэрийн талбайг шинэчлэн өргөтгөж, нисэхийн шоуны орон зайг ихээхэн тэлжээ.

"Шинэ" гэдэг нь уг үзэсгэлэнгийн гол онцлог болж байна. Энэхүү үзэсгэлэнд нам дор агаарын эдийн засгийн павильон, арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэлийн павильон, иргэний нисэхийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн талбай, арилжааны сансрын технологийн үзэсгэлэнгийн талбай, шинэ материал, хэрэглээний үзэсгэлэнгийн талбай, судалгааны ололт амжилтын бодит хэрэглээ зэрэг долоон тусгай сэдэв бүхий үзэсгэлэнгийн талбайг ажиллуулжээ.

Хятадын үндэсний сансар судлалын газар "Чан Э-6" сарыг судлах төслийн хүрээнд авчирсан сарны хөрсний дээжийг үзүүлжээ. Үзэгчид сарны "харанхуй тал"-аас хүн төрөлхтний анх удаа авчирсан нандин дээжийг ойр зайнаас харах боломжтой. Мөн "Чан Э-6" буцах бүхээгийн төхөөрөмжийн олон үзмэр тавигдсан юм.