11-р сарын 12-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян Азербайжаны нийслэл Баку хотод болсон Уур амьсгалын үйл ажиллагааны дэлхийн удирдагчдын чуулганд оролцож, үг хэллээ.
Дин Шюешян хэлэхдээ, энэ жил НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц хүчин төгөлдөр болсны 30 жилийн ой тохиож байна. Шинэ гараанаас бид хамтдаа COP-29 дээд хэмжээний уулзалтаар олон улсын хүлээлтийг хангасан үр дүнд хүрэхийн төлөө ажиллах шаардлагатай юм гэжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн уур амьсгалын засаглалыг бэхжүүлэхэд улс орнуудын "хамтын, гэхдээ ялгаатай үүрэг" зарчмаар үндсэн суурь болдог гэж тэмдэглээд, хөгжингүй орнууд илүү их хүсэл тэмүүлэл, идэвхтэй үйл ажиллагаа үзүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах үүргээ биелүүлэн, нүүрстөрөгчийн төвийг сахих хугацаагаа наашлуулах шаардлагатай. Харин хөгжиж буй орнууд боломжит хүрээндээ хамгийн их хүчин чармайлт гаргах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд хөгжлийн арга барилыг үндсээр нь өөрчлөх нь чухал. Улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний шилжилтийг шударга, эмх цэгцтэй, тэгш байдлаар хурдасгаж, шинэ эрчим хүчний үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг ханган, ногоон бүтээгдэхүүн, технологийн хүртээмж, шинэчлэлийг дэмжих хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд санхүү, технологийн дэмжлэг хамгийн чухал юм. Хятад улс бүх оронтой хамтран, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлалын дагуу эх дэлхийгээ хамгаалж, цэвэр, үзэсгэлэнтэй ертөнцийг хамтдаа бүтээхэд бэлэн байна гэдгийг онцолжээ.