Орон нутгийн цагаар 12-ны өдөр болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр, НҮБ зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудтай бүх талаар хамтын ажиллагаа өрнүүлж, хүмүүнлэгийн байгууллагуудын аюулгүй байдал, тав тухыг баталгаажуулахыг Хятадын төлөөлөгчид Израильд хандан уриалав.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлсэн үгэндээ, мөр бүтэн гэдэс цатгалан амьдрах нь хүн төрөлхтний хамгийн наад захын хэрэгцээ шаардлага юм. Хүмүүнлэгийн асуудлыг улстөржүүлж болохгүй бөгөөд өлсгөлөнг зэвсэг болгон ашиглаж бүр ч болохгүй. Энэ бол олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд заасан үндсэн дүгнэлт юм. Гэсэн хэдий ч Газын зурваст 13 сар үргэлжилсэн мөргөлдөөнд энгийн иргэд үндсэн хэрэгцээгээ алдаж, хүмүүнлэгийн хамгийн доод шугамыг удаа дараа давсаар байна.
Хүмүүнлэгийн байгууллагуудын аюулгүй байдал, тав тухыг хангахын тулд НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудтай бүрэн хамтран ажиллахыг бид Израилийн талаас уриалж байна. Израиль эзлэгч талын хувьд олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, хүмүүнлэгийн тусламжийг наймааны хэрэгсэл болгон ашиглахгүй байх нь чухал гэж Фү Цүн хэллээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Газын зурваст байнгын гал зогсоож, "хоёр улсын шийдэл"-ийг аль болох хурдан хэрэгжүүлж, мөргөлдөөнийг эцэс болгон, энх тайвны үндсэн арга замыг сэргээх ёстой. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орон Газын зурваст нэн даруй гал зогсоох тухай тогтоолын төслийг дэвшүүлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн Аюулгүйн зөвлөлийн өнөөгийн хүлээлттэй нийцэж байна. Энэхүү тогтоолыг аль болох хурдан санал хураалтаар батлахыг Хятад улс сайшаан дэмжиж байна.