Гаалийн статистик мэдээгээр, 2024 оны эхний 10 сард, Хятадын баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридороор дамжсан импорт экспортын нийт хэмжээ 1.15 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 хувиар нэмэгджээ. Энэ нь Хятадын гадаад худалдааны нийт өсөлтийн хурднаас 3.6 нэгж өндөр байж, баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридорын гадаад худалдаа үргэлжлэн эрчимтэй хөгжиж буйг харуулж байна.
Энэ онд “Баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридор байгуулах ерөнхий төлөвлөгөө” гаргасны таван жилийн ой тохиож байна. Сүүлийн жилүүдэд, үр ашигтай цуврал бодлогын ачаар баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридорын бүтээн байгуулалтын ажил чанар чансаа, үр ашгаа дээшлүүлсээр байна. Одоогийн байдлаар уг коридор нь дэлхийн 125 улс орон, бүс нутгийн 542 боомттой холбогдож байна. Тээвэрлэсэн ачаа бараанд автомашин, механик тоног төхөөрөмж зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс жимс жимсгэнэ, мах зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, олон ангилал бүхий 1160 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хамарч байна. Коридор дагуу гадаадад нээлттэй 111 боомт, иж бүрэн гаалийн баталгаат бүс 48 бий. Энэ оны эхний 10 сард коридор дагуух иж бүрэн гаалийн баталгаат бүсүүдийн импорт, экспортын нийт хэмжээ 1.55 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар нэмэгдсэн байна.
Түүнчлэн, Баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ коридорын хил дамнасан логистик ч эрчимтэй хөгжиж байна. Гаалийн статистик мэдээгээр, энэ оны эхний 10 сард гаалийн байгууллага Хятад-Лаос чиглэлийн 6525 ачааны галт тэрэг, Хятад-Вьетнамын 1700 ачааны галт тэргэнд хяналт шалгалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.5, 47 хувиар тус тус нэмэгдэж, хил дамнасан галт тэрэгний ашиглалтын нийт үр ашиг 60 гаруй хувиар дээшилжээ.