Ши Жиньпин, Перугийн ерөнхийлөгч Боруарте нар видео холболтоор Чанкай боомтын нээлтийн ёслолд хамт оролцов
2024-11-15 20:30:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 14-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин, Перугийн ерөнхийлөгч Боруарте нар Лима дахь Ерөнхийлөгчийн ордонд видео холболтоор дамжуулан Чанкай боомтын нээлтийн ёслолд хамт оролцов.

Ши Жиньпин Чанкай боомт амжилттай нээгдсэнд баяр хүргэж, халдварт өвчний хүндрэлийг даван туулж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэж, олон ажлыг чанартай бүрэн гүйцэтгэсэн хоёр орны барилгачиддаа хүндэтгэл үзүүлэв. Ши Жиньпин тэмдэглэхдээ, хэдхэн жилийн дотор орчин үеийн боомт баригдсан нь сэтгэл хөдөлгөм үйл явдал болж, хүмүүст урам зориг өгч байна. Чанкай боомт бол гүний усан боомт төдийгүй Өмнөд Америкийн анхны ухаалаг боомт болон ногоон боомт юм, баригдаж дууссаны дараа Перуд асар их ашиг тус авчирч, олон тооны ажлын байр бий болгож, хуурай газар-далайг холбосон, Ази болон Латин Америкийг холбосон гарц болох Перугийн статусыг үр дүнтэй бататгах болно. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хятадын үндэстнүүдийн өвөг дээдэс алс далайн давалгааг даван туулж, өрнө дорныг холбосон Тэнгисийн торгоны замыг бүтээжээ. Одоогоос 500 гаруй жилийн өмнө Перугийн өвөг дээдэс болох Инкүүд зовлон бэрхшээл, аюул эрсдлээс айхгүй, бартаат уулс, өндөр оргилыг давж, хойш урагшаа Андын уулсыг сундалсан Инкагийн эртний замыг байгуулжээ. Өнөөдөр Чанкай боомт нь "Шинэ эрин дэх Инкагийн эртний зам"-ын шинэ эхлэл болж байна. “Чанкай боомтоос Шанхай хүртэл”, “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга Перу улсад цэцэглэн хөгжиж байгаа төдийгүй шинэ эрин үед Ази болон Латин Америкийг холбосон, хуурай газар-далайг холбосон шинэ коридор бий болсныг бид бүхэн харж байна гэжээ.

Чанкай боомт нь Перугийн нийслэл Лима хотоос хойд зүгт 80 километрийн зайд оршиж, Хятад, Перугийн хамтдаа бүтээн байгуулах “Бүс ба Зам” санаачилгын гол төсөл юм. Боомт нээгдсэний дараа Хятад, Перу хоорондын тэнгисийн нэг талын тээвэрлэлтийн хугацааг 23 хоног болгон богиносгож, ложистикийн зардлын 20 гаруй хувийг хэмнэж, Перу улсад жил бүр 8000 гаруй ажлын байр шууд бий болгох юм.

Цай Чи, Ван И болон бусад хүмүүс уг арга хэмжээнд оролцов.