Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв
2024-11-20 21:59:40
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нар Бразилиа дэх Ерөнхийлөгчийн ордонд хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй түүхэн чухал жил Бразилд айлчилж байгаадаа маш их баяртай байна. Ноён Ерөнхийлөгчийн удирдлагаар  Бразилын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжиж, дэлхийн шилдэг арван эдийн засагт эргэн орлоо. Их 20-ийн удирдагчдын Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалт амжилттай хуралдаж, өлсгөлөн  ядууралтай тэмцэх дэлхийн эвсэл байгуулагдсанд баяр хүргэе гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Бразил бол зүүн болон баруун хагас бөмбөрцгийн хөгжиж буй хоёр том орон юм. Өнөөдөр ноён Ерөнхийлөгчтэй хамт Хятад, Бразилын харилцааг илүү шударга дэлхий, илүү тогтвортой гарагийг цогцлохын төлөө хамтран ажилладаг Хятад Бразилын хувь заяаны нэгдмэл цогц болгосны зэрэгцээ  "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг Бразилын хөгжлийн стратегитай уялдуулах болсныг онцлон дурдахад таатай байна гэжээ.  Энэ нь Хятад, Бразилын харилцааны хөгжлийн бас нэгэн түүхэн мөч бөгөөд хоёр орны ард түмний хүлээлтэд нийцэж, хоёр тал тус тусын шинэчлэлээ ахиулахад түлхэц өгөх болно. Мөн Хятад, Бразил хамтран, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамгаалан, дэлхийн хамтын хөгжлийг дэмжих шийдвэр зоригийг харуулсан гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хүн төрөлхтний ирээдүй, ард түмний сайн сайхны төлөө зүтгэж, шинэ эриний Хятад Бразилын харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, харилцан "алтан түнш" болж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц, илүү шударга, илүү тогтвортой дэлхий ертөнц болон илүү тогтвортой гараг байлгах зорилтын төлөө  урагшилж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн үйлст Хятад Бразилын улам их хувь нэмрийг оруулахад бэлэн байна гэжээ.