НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP) 11-р сарын 22-нд нийтэлсэн “Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 2025 оны төлөв” тайланд дурдсанаар, 2025 онд өлсгөлөнд нэрвэгдсэн бүлгүүдэд тусламж үзүүлэхэд 16.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэжээ.
Тус тайланд WFP-ээс үйл ажиллагаа явуулдаг улс орон, бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын талаар үнэлгээ хийж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгасан байна. Тайланд дэлхийн 74 улсад 343 сая хүн хүнсний хомсдолд нэрвэгдэж байгаа нь 2022 оны түвшнээс 10 хувиар, цар тахлын өмнөх үеэс 200 сая хүнээр нэмэгдсэн гэсэн тоо баримтыг дурджээ. Мөн WFP үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт хүрээлэн буй орчны нөхцөл байдал улам хүндэрч, тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж, зардал нэмэгдэж байгааг онцолсон байна.
2024 онд санхүүжилтийн дутагдлаас болж WFP-ийн тусламж үзүүлэх цар хүрээ хумигдаж, хамгийн эмзэг бүлгийнхэн дэмжлэг авахад хүндрэлтэй болсон талаар тайланд мөн дурджээ. 2025 онд 123 сая өлсгөлөнд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэхэд ойролцоогоор 16.9 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай бөгөөд энэ нь дэлхий нийтээр хоёр долоо хоногт кофенд зарцуулдаг зардалтай тэнцэх хэмжээний мөнгө аж.