Израилын арми Газын зурвасын олон бүсийг дайрчээ
2024-11-23 15:47:05
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 22-нд Израилын Батлан хамгаалах хүчин мэдэгдэл хийж, Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт Палестины зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалдаж, олон газрыг дайрсан тухай мэдээлжээ.

Палестины хэвлэл болон Газын зурвасын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, Израилын арми 11-р сарын 21-ний оройноос 22-ны өглөө хүртэл Газын зурвасын хэд хэдэн бүсийг агаар болон газраар дайрчээ. Энэ үеэр олон хүн амь үрэгдэж, гэмтэж шархадсан байна.

Израилын Батлан хамгаалах хүчин Жабалия бүс дэх үйл ажиллагааны үеэр тэсрэх бөмбөг нуусан барилгуудыг илрүүлэн устгасан бөгөөд олон зэвсэгт хүчний гишүүдийг устгасан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Израилын Үндэсний аюулгүй байдлын газар (Син Бет)-ын тагнуулын дэмжлэгтэйгээр 11-р сарын 20-нд Израилын байлдааны онгоц Газын зурвасын төв хэсгийн Дейр аль-Барах хотод Палестины Исламын Жихад бүлэглэлийн пуужингийн ангийн нэгэн командлагчийн амийг хөнөөжээ.

Газын зурвасын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, 11-р сарын 21-22-нд шилжих шөнө Израилын арми Газын зурвасын хойд хэсэгт орших Камал Адван эмнэлэг рүү дайрч, ажлын байрандаа байсан 6 эмнэлгийн ажилтныг шархдуулсан байна. Палестины телевизийн мэдээлснээр, халдлагын үеэр Израилын цэргүүд эмнэлгийн ажилтнууд руу буудаж, генератор болон хүчилтөрөгчийн станц руу тэсрэх бөмбөг хаясан гэжээ.

11-р сарын 22-нд Палестины мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Израилын арми Газын зурвасын төв хэсэгт орших Нусайрат дүрвэгсдийн хуаранд нэгэн байшинг бөмбөгдөж, 2 хүн амиа алдан, 8 хүн шархаджээ. Энэ талаар Израилын талаас хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2023 оны 10-р сарын 8-наас хойш Ливан, Израилын хоорондын мөргөлдөөний улмаас Ливанд 3645 хүн амиа алдаж, 15,355 хүн шархадсан байна. Зөвхөн 11-р сарын 21-ний өдөр л гэхэд 62 хүн амь үрэгдэж, 111 хүн шархадсан гэв.