Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 11 дүгээр сарын 25-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр нэгэн сэтгүүлч "24-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Руденко ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, Тайваний асуудал нь тэр чигтээ Хятадын дотоод хэрэг бөгөөд Америк "нэг Хятад"-ын зарчмыг зөрчин, ‘одоогийн байдал’-ыг хадгалах нэрээр Тайваньтай цэрэг, улс төрийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Тайвань руу зэр зэвсэг нийлүүлэхээ өргөжүүлсээр байна. Америк бүс нутгийн асуудалд илт оролцож, Хятадыг өдөөн хатгаж, өөрийн ашиг сонирхлын төлөө Азид хямрал үүсгэхийг зорьж байна гэсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэж асуужээ.
Мао Нин хариулахдаа, Бид холбогдох мэдээллийг анхааралтай ажиглаж байна. "Нэг Хятад"-ын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Хятад улс "нэг Хятад"-ын зарчмыг тууштай дэмжиж, "Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах" гэсэн үйл ажиллагааг эсэргүүцэж буй Оросын шударга байр суурийг өндрөөр үнэлж байна гэжээ.
Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбогдуулан тэрээр хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдал маш хурцадмал байгаа тул бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг даамжруулах аливаа үйлдлээс холбогдох талууд зайлсхийх ёстой. Саяхан болж өнгөрсөн үйл явдлууд гал зогсоох, дайныг зогсоох шаардлагатай гэдгийг дахин сануулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нэр нөлөө бүхий улс орнууд энхийн үйл явцыг ахиулахад бүтээлч үүргээ гүйцэтгэж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Хятад улс бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад тууштай хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Тайваний асуудалтай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Тайвань нь Хятад улсын салшгүй нэг хэсэг бөгөөд энэ асуудал зөвхөн Хятадын дотоод хэрэг хэмээн онцлов. Тэрээр Тайванийн хоолойн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын хамгийн гол зангилгаа нь "нэг Хятад" зарчмыг баримтлах явдал юм гэжээ.
Мао Нин цааш нь, зарим улс орнууд Тайваний асуудлыг шалтаг болгон, бүс нутаг дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, улмаар мөргөлдөөн үүсгэж, энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэдгийг онцолжээ.
Нэгэн сэтгүүлч Уругвайн ерөнхийлөгчийн сонгуультой холбогдуулж, “Эх сурвалжийн мэдээлснээр, сөрөг хүчний "Өргөн фронт" эвслээс нэр дэвшигч Орси ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулжээ. Эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Уругвайн ерөнхийлөгч Лакалле Орсид баяр хүргэж цахилгаан илгээсэн байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна?” гэж асуув.
Мао Нин хариулахдаа, Хятад улс Уругвайн ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж, ноён Орси ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна. Хятад улс Уругвайтай харилцаагаа үргэлжлүүлэн чухалчилж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, олон салбарт хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлуудад илүү нягт хамтран ажиллах болно. Мөн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг хоёр орны ард иргэдэд хүртээхийг зорьж ажиллахад бэлэн гэжээ.