БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 26-ны үдээс өмнө Бээжин дэх Дяо Юй Тай төрийн зочид буудалд Тусгаар тогтносон Самоа улсын ерөнхий сайд Фиаме Наоми Матаафа-ийг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Самоа улсыг Номхон далайн арлын орнууд дундаас БНХАУ-тай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон орны нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш 50 орчим жилийн хугацаанд хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, харилцан хүндэтгэл, эрх тэгш байдал, хамтын ажиллагааны зарчмаар амжилттай хамтран ажиллаж ирлээ. Хятад улс бүх улс орнуудыг их багын ялгаагүйгээр эрх тэгш эрхтэй бөгөөд тус бүртээ өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн замаа сонгон, бие даан орчин үеийн хөгжилд хүрэх эрхтэй хэмээн үздэг.
Хятад улс Самоа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, үндэснийхээ онцлогт тохирсон хөгжлийн замаа бие даан судлахыг тууштай дэмжинэ. Түүнчлэн, Хятад улс Самоатай харилцан хүндлэл, харилцан итгэлцлийг баримтлан, төр засгийн бодлого хэрэгжүүлэх туршлагаа солилцож, “Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд Самоагийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг үргэлжлүүлэн туслахад бэлэн байна. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарын боломжуудыг гүнзгий судлан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтдаа хөгжин дэвжих ёстой гэжээ.
Ши Жиньпин мөн хоёр орны иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн тулд соёл, боловсрол, залуучуудын солилцоо болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятад-Самоагийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бататган хөгжүүлэх хэрэгтэйг онцлов.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Номхон далайн арлын орнуудтай харилцахдаа “Дөрвөн үндсэн хүндлэл”-ийн зарчим баримталдаг бөгөөд тусламжид улс төрийн нөхцөл тавихгүй, аливаа оронд өөрийн байр суурийг тулгахгүй, хэрэгжих боломжгүй хоосон амлалтууд өгөхгүй. Хятадын бодлого ил тод, багтаамжтай, ямар нэгэн гуравдагч этгээдийг онилохгүй, мөн геополитикийн нөлөөллийн өрсөлдөөнд оролцдоггүй. Хятад улс Номхон далайн арлын орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэхийг тэргүүлэх хамтын ажиллагааны салбар болгон ажиллахыг эрмэлзэж, “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц” болон “Парисын хэлэлцээр”-ийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг дэмжин, олон улсын шударга ёс, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахыг зорьж байна гэжээ.
Фиамэ Наоми Матаафа хэлэхдээ, Ши Жиньпин даргын гарамгай удирдлага дор Хятад улс асар их хөгжилд хүрч, "Дэлхийн өмнөд"-ийн улс орнуудад үлгэр дуурайлал болж байна. Хятадын ядуурлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зэрэг төрийн бодлогын туршлагаас суралцахад бэлэн байна.
Самоа улс Хятадын олон жилийн турш үзүүлж ирсэн үнэт тусламжид талархаж, аливаа улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, улс төрийн нөхцөл тавьдаггүй зарчимд тууштай байдаг Хятадын бодлогыг өндрөөр үнэлж байна. Мөн Самоа нь “Нэг Хятад”-ын зарчмыг хатуу баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн хөгжлийн санаачилга,” “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга,” “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэмжиж ажиллах болно.
Самоа улс Хятад улсыг чухал стратегийн түнш гэж үзэж, ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтдаа тэмдэглэх боломжийг ашиглан харилцаагаа цаашид улам бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр тал "БНХАУ болон Самоагийн хамтарсан тунхаглал”-ыг баталжээ.