Хятад улс Мексиктэй хоёр талт худалдааны харилцаагаа хамгаалахад бэлэн байна
2024-11-26 19:13:27
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 11 дүгээр сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум 11 дүгээр сарын 22-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын бараа бүтээгдэхүүн Мексикээр дамжин Америк, Канадад нэвтэрч байгаа гэх яриа алдаатай болохыг онцолж, Мексик улс үүнийг бодит баримтаар үгүйсгэнэ хэмээн мэдэгдсэн. Тэрээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Хятадаас импортолж буй зарим бүтээгдэхүүний хэмжээг бууруулах бодлого хэрэгжүүлэхээ мөн дурдсан байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?

Мао Нин хариулахдаа, Хятад улс олон улсын хууль журам болон зах зээлийн зарчмын дагуу улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд худалдааны асуудлыг улс төржүүлэх нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй. Хятад, Мексик хоёр улс харилцан итгэлцсэн сайн найз, хамтдаа хөгжиж буй найдвартай түнш юм. Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлох нь Мексикийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, Мексикийн ард түмэнд бодит ашиг тус хүртээсээр ирсэн. Тиймээс эрүүл, тогтвортой худалдааны харилцааг хадгалах нь хоёр улсын урт хугацааны нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс Мексикийн талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талын худалдааны харилцааг бэхжүүлэх, хоёр орны хөгжлийг дэмжихэд үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.