"Загасаа аваарай, загасаа аваарай” гэж хүнсний ногооны захад өдөржин хашхирч яваа энэ эрийг Тань Жяжи гэдэг. Энэ жил 42 настай тэрээр загасны арьс, ногоо, сонгино, амтлагч зэрэгтэй хольсон хүйтэн зууш бэлтгэж зараад хоёрдох жилээ өнгөрүүлж байна.
Тань Жяжи өмнө нь Хятадын нэгэн цахилгаан шатны сурталчилгааны тэргүүлэгч компанид 17 жил ажиллаж, Хятадын өмнөд нутгийн үйлчилгээний компанийн захирлын ажлыг гүйцэтгэж байжээ.
"Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хариуцлагатан, сарын орлого 20 мянган юаньд хүрдэг байсан энэ бүхэн 39 настайд нь алга болсон. 2021 оны 12-р сард түүний салбарыг цомхтгож, хийх ажлыг нь технологи орложээ. Хүндрэлтэй байдал үүгээр зогсоогүй, ажлаа алдахаас гурван сарын өмнө түүний эхнэр Ни Вэньши хөхний хорт хавдраар оношлогдож, химийн эмчилгээ, хагалгаа, туяа эмчилгээ хийлгэх гээд амьдралын бэрхшээлүүд ар араасаа түүний мөрөн дээр тавигдлаа.
Эхнэр, нөхөр хоёулаа ажилгүй, сар бүр 5000 юанийн орон сууцны зээл төлж, 3400 юанийн нийгмийн даатгал төлдөг. Дээр нь дөрвөн хөгшин, дэргэд нь бага сургуульд сурч буй хоёр хүүхэдтэй. Иймэрхүү хүндрэлийг яаж туулах бэ?
Хоол зөөх, буухиа хүргэх, дуудлагын машин жолоодох зэрэг нь "дунд насныхныг дахин ажилд авах гурван гарц" гэж нэрлэгддэг ч энэ бүхнийг Тань Жяжи бодож үзсэн боловч болсонгүй. Ажлаа алдсан тэрээр өдөр болгон хүнсний ногооны захаар явсаар байж, загасны арьс, ногоо, сонгино, амтлагч зэрэгтэй хольсон хүйтэн зууш нь зуны улиралд Гуанжөү хотод маш таалагдана гэж үзээд хийхээр шийджээ.
Хүнсний ногооны захаас дахин амьдралаа эхлүүлсэн Тань Жяжийн хувьд энэ хоёр жилд хэчнээн их хэцүү байсан ч амьдралаа өөд нь татаж явахын тулд хүндрэл бэрхшээлийг тэвчээртэй, зоригтой туулж иржээ. “Нөхөр маань өндөр зэрэглэлийн CBD, нэр хүндтэй компанийн захирал, ноён нуруутай явсан хүн, нэгэнт ажлаа алдаж, гэр бүлийн хүндрэлд учирснаар нэр төрийг ардаа орхиж, захын наймаачин болж өнөөг хүрч ирлээ. Энэ бүхнийг давж гарна гэдэг амар явдал биш. Өнөөдөр бид сайхан амьдарч байна” гэж Эхнэр Ни Вэньши нь ярьж байлаа. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэгчлэн тэрээр амьдралдаа алдаж онож явсан ч өнөөдөр хөдөлмөр тэмцлээрээ амьдралаа өөдтэй өнгөтэй авч явна.