Бээжин хот бол Хятадын өнө эртний түүх, соёлтой том хотуудын нэг нь юм. Бээжин хот байгуулагдсанаас хойших олон зуун жилд олон удаагийн барилга байгуулалтаар хүрээ хэмжээ нь байнга өргөжин тэлж, өнгө үзэмж нь нэмэгдсээр ирсэн билээ. Зөвхөн өнгөрөгч зууны 90-ээд он гэхэд л Бээжин хотод 10 том барилгыг шинээр барьж байгуулсан юм.
1. Хятадын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын зураг төслийн хүрээлэн зохион төлөвлөж, 1990 оны Азийн биеийн тамир спортын наадмаас өмнө барьж дуусгасан радио телевизийн энэ цамхаг нь Хятадын үндэсний хэмжээний чухал том барилгуудын нэг нь болно. Уг цамхагийг 1993 оноос эхлэн радио телевизийн программ дамжуулахад ашиглаж эхэлсэн бөгөөд 1994 оны 10-р сараас олон нийтэд нээлттэй болгож, 1997 оны 10-р сард барилгын бүх ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна.
60 мянган ам метр талбайтай, 405 метр өндөртэй радио телевизийн энэ цамхаг нь цамхагт нэвтрэх гүүр, цамхагийн шат, цамхагийн суурь, давхарлаг, антен зэрэг 6 хэсгээс бүрджээ. Энэ цамхаг нь радиогийн FM нэвтрүүлгийг 10 сувгаар, телевизийн нэвтрүүлгийг 8 сувгаар дамжуулах хүчин чадалтай бөгөөд тэнд 800 хүнийг зэргээр хүлээн авч болдог юм.
Төмөр-бетон бүтэцтэй цамхаг нь 9 баллын газар хөдлөлтийг дааж чаддаг болохоор, олон улсын адил зэрэглэлийн барилгуудын дотор ч тэргүүний түвшинд хүрсэн байгаа юм.
2. Бээжин хотын умард дүүрэгт байрладаг Хятадын олимпийн биеийн тамир спортын үндэсний төв болон Азийн биеийн тамир спортын хотхон бол Азийн биеийн тамир спортын 11-р наадмыг зохион явуулахад зорируулан байгуулсан том цогцолбор барилга юм. Уг барилгын зураг төслийг Бээжин хотын барилгын зураг төслийн судалгааны хүрээлэн хийсэн байна. Нийт 97.5 га талбайтай энэхүү асар том барилгын цогцолборын дотор нь уралдаан тэмцээнд зориулсан усанд сэлэх ордон, хөнгөн атлетикийн ордон, хоккейн ордон зэрэг ордон талбайнууд байдгаас гадна бас сэтгүүлчид, тамирчдад зориулсан Азийн биеийн тамир спортын хотхон, хурлын төв, зочид буудал, ажлын газар зэргийг оролцуулсан 50 гаруй том байшин барилга байдаг бөгөөд тэдгээрийн нийт талбай нь 647 мянган ам метрт хүрч байдаг.
3. Бээжин хотын Чүнь Вэнь дүүргийн гадар гудамжны баруун талд байрлаж байгаа Шинь Шиже төвийн зураг төслийг Шянгангийн Лю Рүн-гуан—Ү Жэньминь барилгачдын хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хятадын цахим зураг төслийн хүрээлэн хамтран хийсэн юм. Олон нийтийн орон сууцны зориулалттай 12 давхарлагтай байшин, 10 давхарлагтай зочид буудал, 10 давхарлагтай ажлын 2 байшингаас бүрдсэн энэхүү том барилгын нийт талбай нь 187 мянган ам метрт хүрч байгаа бөгөөд гол барилгын өндөр нь 60 метрт хүрсэн байдаг.
4. Бээжин хотын аялал жуулчлалын нэрт район—Шян шань уулны хормой дахь Ургамалын хүлээлэнд байрладаг Бээжингийн Ургамалын хүрээлэнгийн Хүлэмжийн үзэсгэлэнгийн газрын зураг төслийг Бээжин хотын барилгын зураг төслийн судалгааны хүрээлэн хийсэн юм. Төмөр тулгуур, шилэн бүтэцтэй энэхүү Хүлэмжийн үзэсгэлэнгийн газрын барилгын талбай нь 17 мянган ам метр, гол барилгын өндөр нь 20 метр байдаг. Хүлэмжийн үзэсгэлэнгийн газар нь барилгын доторхи цэцэгт хүрээлэн болдог төдийгүй бас цэцэгт хүрээлэнгийн доторхи барилга болдог учраас уран барилгын охь содон бүтээл болсон юм.
1 2 3
|