Эрт дээр үед Хятадынхан дэнлүүний арлыг хулс, мод, төмрөөр хийж, түүнийхээ дээгүүр хив дурдан юм уу нимгэн цаасаар бүрхүүлж наагаад, дээр нь өнгийн будгаар хээ зураг зурдаг байжээ. Тан улс болон Сүн улсаас хойш дэнлүүг нэн олон янзаар, нэн уран сайхан хийдэг болсон байна. Дэнлүү хийдэг уран дархнууд амьтан араатан жигүүртэн шувууны үс ноос, эвэр туурай, өд сод, шил шөрвөс, савхи шир, торго дурданг уран сайхан ашиглаж, дэнлүүгээ мандарваа, бадам лянхуа, мандалт цэцэг зэрэг янзын навч цэцэгний хэлбэртэй зохиож, халхавчин дэнлүү, бурхны суварган дэнлүү гэж бас хийдэг бөгөөд хаш дэнлүү, шилэн дэнлүү, савхин дэнлүү гэх зэргээр янз бүрийн дэнлүү зохиодог болсон байна.
Сүн улсын үед механикаар хөдөлдөг том хэлбэрийн угсраа дэнлүү их олширч, зарим нь бас дэнлүүн уул босгож, түүний орой дээр зохиосон модон саванд ус дүүргээд доошоо асгахад хүрхрээ шиг маш үзэсгэлэнтэй сайхан байдаг аж. Хүмүүсийг хамгийн их бишрүүлсэн дэнлүү бол Сүн улсын үед дэнлүүний баяраар зохиогдсон "Ао шань дэн" буюу лаг мэлхийний уул нэртэй дэнлүү болно. Ао шань буюу лаг мэлхийний уул гэдэг нь эртний домог үлгэрт гардаг далай доторх өндөр уул болно. Тэр нь байнга урсгал даган хөвдөг байсан гэнэ. Хурмаста тэнгэр асар том 15 лаг мэлхийг томилон явуулж энэ уулыг тулуулснаар тэр уул нь хөдлөхгүй тогтсон гэдэг. Сүн улсын үеийн дархад энэ домог үлгэрт уллаж, томоохон хэмжээний олон дэнлүүгээр Ао шань уул босгож, түүнийгээ нэг юм уу олон аварга мэлхийний нуруун дээр байгаагаар зохиож, тэр ууланд нь бас хад чулуу, ой мод бүрэн байдаг бөгөөд бурхан сахиулсан арш хувилгаадын хөрөг зураг зэргээр чимэг нэмдэг байжээ. Энэ уулан дээрээ бас хөгжимчид хөгжимдэж, уулны энгэрт том индэр зохиож, дуу бүжгийн тоглолт гаргадаг. Нүсэр жавхаатай асар том дэнлүүний уул нь "Улс орон нутаг ус өнө мөнхө амар амгалан" гэсэн санааг зөгнөж байгаа болохоор хаан түшмэл гэсэнгүй бүгдээрээ сонирхож үздэг байжээ.
1 2 3
|