Бээжин хот 15 сая хүнтэй. Тэдний 4/1 нь л орон нутагтаа харьж золголт хийнэ гэж тооцоход Бээжин хотын тээврийн үйлчилгээнийхэн 4 сая орчим хүний явдал суудлыг зохицуулах болох нь ээ.
Бээжин хотын галт тэрэгний үйлчилгээний газар гэхэд орон нутгаас ирсэн ажилчдад зориулан групп үйлчилгээний хямдралтай тасалбар борлуулж байна. Зөвхөн 2 дугаар сарын 1-ний өдөр гэхэд 59157 хүн гэртээ харих тасалбар худалдан авсан тооцоо гарчээ. Зорчигч тээврийн үйлчилгээний салбарынхны үзэж байгаагаар оргил ачааллын үе 2 дугаар сарын 3-наас эхэлж 3 дугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд 156 сая хүн галт тэргээр зорчих төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийнхээс 4,3% өссөн үзүүлэлт юм.
Бээжин хотын кино театруудад гарч байгаа "Гүө Үэ Гүй Гэн буюу "Явсан зам буцаж ирэх учиртай" кино үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу. Найруулагч Жан Янгийн энэ кинонд хятадын хошин урлагийн нэрт жүжигчин Жао Бэньшань, Сунь Даньдань нар гол дүрийг нь бүтээжээ. Кинонд Лао Жао гэдэг 50 гаруй насны нэгэн тариачин гардаг. Лао Жао өмнөд нутгийн Шэнь Жэнд хүрч хар ажил хийхээр болдог. Гэтэл нутгаасаа хамт гарсан сайн анд Лао Ван нь үйлдвэрийн ослоор харамсалтайгаар нас барна. Ингээд Лао Жао өөрийн ядруухан зардалдаа тааруулан сайн андыгаа үүрч алс нутагт нь хүргэн ёсыг нь гүйцэтгэхээр аян замд гардаг. Амаргүй бөгөөд эмгэнэлтэй аян замын учрал тохиол, сонин хачин үйл явдлуудыг хөгжилтэй хөнгөн хэлбэрээр урлан бүтээсэн кино. Эгэл жирийн хүмүүсийн дотоод мөн чанар, гоо сайхныг харуулахын зэрэгцээ дундадын хүмүүсийн гэр нутагтаа буцаж харих хэдэн мянган жилээр уламжлан тогтсон ёс заншлыг нээн үзүүлжээ. Энэхүү гэр нутагтаа харьж ирэх үзэл ухамсар хятад хүний дотоод сэтгэлд гүн гүнзгий шингэн уламжлагдаж иржээ. Тэр дундаа сар шинээр буюу Хаврын баярын нэгэн том агуулга нь хүмүүс гэр нутагтаа харьж ураг төрлийнхөө ахмад настнуудад золгон хүндэтгэл үзүүлэх явдал болов уу.
Ийнхүү Бээжин хотод Хаврын баярын уур амьсгал бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Хаврын баяраар төр, засгийн харъяа албан байгууллагууд 7 хоног амрах Засгийн газрын тогтоол бий. Гэхдээ хол нутагтай хүмүүс энэ хугацаанд харьж ирж амжихгүй болохоор ажлаа зохицуулан чөлөө хүсэх нь элбэг байдаг бололтой. Бага, дунд, ахлах сургууль болон оюутан сурагчдын хувьд хичээлийн 2 улиралтай. 1-р улирал нь 9 дүгээр сарын 1-нд эхэлж 1 дүгээр сарын сүүлээр дуусдаг. 2 дугаар улирал нь 3 дугаар сарын 1-нд эхэлж 7 дугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг. Орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд энэ хугацаанд ихэвчлэн гэртээ харьж амралтаа өнгөрүүлнэ.
1 2 3
|