Бээжин хотод энэ өдрүүдэд "Алтан 7 хоног" гэж нэрлэдэг амралтын өдрүүд үргэлжилж байна. Ер нь Хятадад "Алтан 7 хоног" 3 байдаг юм байна. Хаврын баяр, 5 дугаар сард болдог Хөдөлмөрчдийн баяр, 10 дугаар сард Үндэсний баяр гэсэн 3 баяраар "Алтан 7 хоног" тохионо. Хаврын баярын хувьд ойлгомжтой. Хүмүүс гэр бүлээрээ цуглан ширээ тойрон сууж хоол идэн амьдрал ахуйнхаа сонин сайхнаас дэлгэн хөөрөлдөнө.
Би битүүний өдөр монгол хэлний редакцийн дарга Цэцэн ахынд очсон. Бээжин хотын оршин суугч монгол угсааны айл битүүнийхээ баярт урьсан нь тэр. Оройн 20 цагийн үед тэднийхээр очлоо. CCTV-ээр өмнөх нэвтрүүлгээрээ ярьж байсан "Хаврын баярын гала шоу" шууд нэвтрүүлэг дөнгөж эхэлж байна. Цэцэн ах ажлын ээлжтэй байсан болохоор радио дээр нэвтрүүлгээ хийгээд надтай бараг зэрэг гэртээ ирлээ. Эхнэр Цэцгээ нь хоол унд бэлдэж байна. Эднийх 1 охинтой, Ариунаа гэдэг, компьютерийн график дизайнерийн мэргэжилтэй. Ариунаа нь ширээгээ засч гэрээ цэвэрлэж байна. Ширээнийхээ голд шинэхэн, час улаан өнгөтэй хадаасан цэцэг шилэн саванд хийж тавьсан нь оронгуут нүдэнд тусч сэтгэл сэргээлээ. Хадаасан цэцгийг эртний грекийн домгоор "зевсийн цэцэг", "бурханлиг цэцэг" ч гэдэг. Ихэнх цэцгүүд бэлэглэх цагтаа ямар нэгэн утга чанар билэгддэг учир бий. Харин хадаасан цэцгийг зүгээр л бэлэгдэж болдог. Би хадаасан цэцэгт дуртай л даа. Тэгээд ширээнд суулаа. Манай даргынх хүрэн улаан мебель тавилгатай орчин үеийн айл байна. Эхнэр нь гал зуухныхаа өрөөнд хийн зуухан дээр хоолоо хийсээр. Заримыг нь шажигнуулан хуурахад үнэр амт нь гойд сайхан мэдрэгдэнэ. Цагаан будаа няцалж, гахайн махтай хуурч болгосон хоол, шарсан загас, тахианы жигнэсэн махтай хуурга, сармисны голтой үхрийн махтай хуурга, бусад жимс ногооны зуушнууд удалгүй ширээ дүүргэлээ. Ууцны оронд хонины мах цар дүүрэн чанажээ. Өвөрмонголоос авчруулсан мах гэнэ. Амт нь манай монгол хонины махнаас онц ялгаагүй юм. Ингээд нэгэнт ширээ дүүрсэн болохоор бүгд тойрон сууцгааж "битүүний арга хэмжээ" эхэллээ. Гадаа салют буудах чимээ хэтэрхий чанга байсан болохоор цонх, хаалгаа сайтар хаацгаав. Цэцэн ах эхний хундагыг өргөн ирж буй гал гахай жилд хүн бүр аз жаргалтай байхыг ерөөв. Ингээд хоол идэцгээн, бие биедээ хундага барин улаан дарс ууцгааж, зурагтаар "Хаврын баярын гала шоу" үзэн сайхан битүүллээ.
1 2 3
|