Хятадад Хаврын баяраар банш иддэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор үдшийн 24 цаг хүргээд бид банш идэцгээлээ. Гэрийн эздийн утас зогсоо чөлөөгүй дуугарч заримдаа утасдаж заримдаа баярын мэссэж ирүүлж байна. Өнгөрсөн жил Хаврын баярын мэссэжний мэндчилгээ 12 тэрбумаас хол давсан тооцоо гарч байсан бол энэ жил өнгөрсөн жилийнхээс 40 хуь нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Ер нь энэхүү уламжлалт хамгийн том баяраа хятадууд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд бусад ойр дотно хүмүүстэйгээ утсаар золгодог болоод удаж байгаа гэнээ. Үүгээр битүүний арга хэмжээ үндсэндээ өндөрлөх тийшээ боллоо. Ариунаагийн найз залуу утсаар дуудаж залуучууд шөнийн арга хэмжээндээ гарахаар тохиролцов. Харин би харихаар болж Цэцэн ах намайг хүргэж өглөө. Замаараа шөнийн ээлжтэй харуул хийдэг тэдний садангийн хүүд банш хүргэж өгнө. Манайх Цэцэн ахынхаас холгүй 400 орчим м-н зайтай. Гэр хүрэх замд галт гэрлүүд өнгө бүрээрээ хаа сайгүй дэлбэрч утаа, май, хиншүү, хярвас гэж тоймгүй. Хотынхоо төвөөр бол арай ингэж дэлбэлж чаддаггүй гэнэ. Манай энд бол үнэхээр сүртэй юмаа. Гал дундуур жаахан мах, банш боосон тороо бариад явахад яг л дайны гал дундуур байлдагчид хоол хүргэхээд явж байх шиг. Үнэхээр тэгж сэтгэхээр сүртэй дэлбэрч байсан. Уг нь би ажлаа зохицуулаад монгол явдаг байжуу гэж өдөр санаж байсийн. Харин гал дундуур гайхаж, инээж, сүрдэж явахдаа хятадын цагаан сарыг нэг удаа үзсэндээ нэг их харамсах явдалгүйг ухаарсан. Гэртээ орж ирээд зурагтаа асаахад Хаврын баярын гала концертын сүүлчийн номер гарч байна. Энэ жилийн гала урлагийн тоглолт бүрийнхээ завсарт хошин урлагийнхны үзүүлбэртэй, олон үдэстний орон гэдгээ харуулсан номерууд олонтой тоглолт болж өндөрлөв. Шинийн нэгний өглөөг тэсэлж дэлбэлсээр угтлаа. Энэ шөнө айл амьтнаар шургалах санаатай байсан чөтгөр шулмуудыг гайгүй сайн айлгаж хөөж явуулав бололтой. Гэсэн ч бас зальтай юмнууд нь үлдсэн байж мэднэ гэж хаширлаад нилээд хэд хоног сар хуучиртал дэлбэлж айлгасаар байхгүй бол болохгүй гэнээ.
1 2 3
|